Thursday, March 3, 2011

Амьддаа гавьяатаа гэж дуудуулж үзэг л дээ муу Төмөрөө ах минь.

Цагтаа Хэнтийн солгой Төмөрхуяг гэж намуухан уянгалаг хоолой,гитарын эгшгээрээ үзэгчдийг хуйлруулж,хүүхнүүдийн зүрхийг шархлуулж явсан авьяaслаг эр ядруухан амьдарч явааг сэтгүүлч Пүрэвнямын бэлтгэсэн "Тан руу нүүж явна" нэвтрүүлгээс хараад өөрийн эрхгүй үзгээ шүүрч үүнийг бичиж сууна .Ирлэсэн тонгорог шиг иртэй,халгиж цалгиж явсан дуучныг төөрөг, тавиланд даатгаад орхиж болмооргүй санагдах юм.Өөрийнх нь имиж болсон хар малгай,басчиг онгодтой,омголон явсан урлагийн эрийн хугархай юм гэсэндээ цагаан цамц,хар пальтотой, хань ижил шиг нь дасал болсон гитараа үүрэн таяг тулаад амьдрал хэмээх шуурган дундуур тэнтэр тунтар  алхах дуучны төрх хүмүүст нэгийг бодогдуулсан нь лавтай.Архи гэдэг идээг хаа нэг хүртдэг хэмээн худлаа нэрэлхэлгүй,аав ээжийгээ,алтан үеэ нулимастай дурсч,авч чадаагүй алдар цолны тухай ярихдаа хоолой нь зангирч байналээ Төмөрөө ах.Эр хүн байгаагаараа байх сайхан.Алгаа хорстол ташин ахиулж дахиулж явсан хүн та амьдрал хэмээх жүжигт бүтээж яваа гундуу дүрт нь  эмзэглэх хэрэггүй.Дуугаараа хүмүүсийг уярааж,дуулах гэж ирсэн хорвоогоо өөрийнхөөрөө л уйлж дуулж туулж яваа юм тэр.Уран бүтээлч хүн арван хуруу тэгш,төгс төгөлдөр байх албагүй. Баярладаг,гомддог,алддаг,онодог,унадаг,босдог бидний л адил мах цусанд төрсөн хүмүүс тэд чинь. Адарсүрэн,Цэрэнчимэд,аяны шувуудын Төмөр гээд олон сайн уран бүтээлчдийн  авч амжаагүй гавьяатын тэмдэгийг сонгуулийн сурталчилгаанд дуулсан шалдан охид,баньд нарт зүүгээд өгдөг нүдээ олдоггүй шагналтай харалган төрийг яалтай.Хүний сэтгэлд хоногшсон ганц дуу байхгүй атлаа урлагт олон жил томоотой зүтгэснээ гавьяатаар үнэлүүлсэн чанаргүй гавьяатууд монголоор дүүрэн байхад сархад хүртдэг,авгай сольсноос болоод шар тэмдгээ зүүж чадалгүй шар махтайгаа хатаж яваа уран бүтээлчид олон.Аливаа нэг сорилт,шалгуурын өмнө биш авьяас билгийн өмнө л төр алгаа дэлгэдэг байвал сайнсан. Чадалтай сайхан уран бүтээлчдийнхээ авьяасыг цаг тухайд нь үнэлсэн бол гэх харууслын амьд жишээ бол даян хааны дүрийг бүтээгээд гялалзаж явахадаа бус өвгөний дүр оногдох өтөл шахуу насандаа хөдөлмөрөө үнэлүүлсэн жүжигчин Ж.Сүххуяг байна.Хэрэгтний толгойг илдэг бус хийж бүтээсний энгэрийг цоолдог шударга төртэй байхыг хүснэм.Амьддаа  гавьяатаа гэж дуудуулж үзэг л дээ муу Төмөрөө ах минь.

                                                                                                                               

No comments:

Post a Comment