Friday, December 27, 2013

Бүдэг




Дурлах шиг дурласан
Урагдах шиг урагдсан
Хамгийн сүүлчийн удаа
Хайртай  гэж хашгиран
Дурлалын бөмбөг тэслээд
Дуу нь  тасарсан
Зүрхээ би дарж үзээд
Зүгээр эсэхийг нь шалгахад
Өнгөрсөн цагийн дурсамж адил
Өөдөөс минь бүгтхэн цохилов

Thursday, December 19, 2013

Блогтоо нэг салхи оруулъя.Нэг шүлгийг хоёр аргаар бичлээ.Сүүлчийнхэд нь хүмүүс ам сайтай байх шиг.

Үеийн хүүхнүүд эмгэн болохыг
Үзмээргүй байна
Үзэхгүй гээд
Үхмээргүй байна

Wednesday, July 24, 2013

"Дурлалын гудамжны тэнүүлч"




Зөрж өнгөрсөн бүхэн инээд цацруулж алхдаг
Зүрхэн хэлбэрт дэнлүүнүүд тодоос тод гэрэлтдэг
Мөрөө түшсэн хосууд унтаа хун шиг цайрдаг
Мөнгөн хонх шиг инээдэнд нь гуниг гэж байдаггүй ээ
Эрхэмсэг,төгөлдөрийн туйл хайрын гудамжнаа
Эзэгнэгч цаг хугацаа хүртэл малгай аван мэхийдэг

Tuesday, June 18, 2013

Шинэ ном маань дөнгөж зүүнээс гарлаа.Өвөрмөц,содон,гоё нэр өгч болох байсан ч олноос урмын үг их авчирсан,олонд хүрсэн хит болсон "Үүлэн домог" шүлгээрээ номоо нэрлэв би.Дуучин Д.Болдын дуулсан "Хагацаж чадах уу","Үүлэн домог","Мөнхийн аялгуу",Дуучин Ж.Бямбадэлгэрийн шинэ уран бүтээл "Ижийдээ очиж чадсангүй" зэрэг дууны шүлгүүд,шүлгүүд,нийтлэл,фельетон,эсээнүүдээсээ энэ номондоо шигшиж орууллаа.Номыг минь ариутган шүүсэн Нацагдоржийн болон Буяннэмэхийн нэрэмжит шагналт зохиолч До.Цэнджав ахдаа гялайлаа.Интер ном,Мир зэрэг номын дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой юм байна.Таалал оршиг

Saturday, April 20, 2013

"Ноён Вүүдсоны амьдрал хэмээх 94 бүлэгт жүжиг" (Найраглал)



"Ерэн дөрөвдүгээр бүлэг" зургадугаар үзэгдэл

Эмнэлэгийн зориулалттай
Эвхэгддэг төмөр ор
Аймшгийн баярын чимэглэл
Араг яс мэт туранхай бие
Саваагүйтэж хүүхдүүд бариад чихэр тосдог
Сарвуу мэт хатингар гар
Ерэн дөрвөн жилийн биологийн урвалд
Идэгдэж,сорогдсон бие цогцос
Өвчтөнийг тойрсон
Өөд болооч хамаатнуудын сүнс
Үүдний жижүүр шиг залхуутайяа 
Үүрэглэн хүлээж суугаа эрлэгийн элч

Wednesday, March 27, 2013

Хүнийх


Хүний юм хэзээд хүнийх байдаг
Хүйтэн үнэнд зүрхээ хайруулаад
Хүний юманд хэзээ ч ахиж
Хүрэхгүй гэж өөртөө андгайлав



Tuesday, March 5, 2013

‎"Задгай"



Ц.Чимэддорж агсанд

Дэрэнгийн хар азарганы
Дэл сүүл нь задгай
Хавийн амьтад шуугиулсан
Хатир давхил нь ч задгай
Сулдаа асгараад ирдэг
Сувдан хөлс нь задгай
Суунаг татаад үлддэг
Суварган тоос нь ч задгай