Thursday, December 19, 2013

Блогтоо нэг салхи оруулъя.Нэг шүлгийг хоёр аргаар бичлээ.Сүүлчийнхэд нь хүмүүс ам сайтай байх шиг.

Үеийн хүүхнүүд эмгэн болохыг
Үзмээргүй байна
Үзэхгүй гээд
Үхмээргүй байна

Хайртай бүсгүйгээ өтлөхийг
Хармааргүй байна
Харахгүй гээд
Хаямааргүй байна
Хурдлагч цаг хугацааны эсрэг
Хуулийн төсөл барьмаар байна
Хөгширөх үйл явцыг
Хөндүүргүй болгож өгмөөр байна
Цал буурал
Болмооргүй байна
Цаг хугацааны галт тэрэгнээс
Үсэрмээргүй байна гэвч
Цаг үргэлжид
Залуу явмаар байна
Хүсэл бодлоо цаашдаа
Хүнээр шийдүүлмээргүй байна
Худлаа худлаа наргисан юм
Хувь тавилан гуай
Та л мэддэг шүү дээ
Тааллаар тань л болоё
xxxxxx
Үеийн хүүхнүүд эмгэн болохыг
Үзмээргүй байна
Үзэхгүй гээд
Үхмээргүй байна
Хайртай бүсгүйгээ өтлөхийг
Хармааргүй байна
Харахгүй гээд
Хаямааргүй байна
Хонгор үрсээ дэргэдээсээ
Холдуулмааргүй байна
Холдуулахгүй гээд
Хоригломооргүй байна
Хүн цаг урсахыг
Хүлцмээргүй байна
Хүлцэхгүй гээд
Хүчин мөхөсдөж байна
Буруу эргэдэггүй цэнхэр дэлхийтэй
Буцааж хөвдөггүй цагийн хэлхээстэй
Будан суудаг хөх уулстай
Буурал орчлон буцахын тавилантай
Үдийн нар шиг хүмүүн заяанаас
Үхэн хатан зууралдмаар байна
Амьдрал хэмээх хундага дарсыг
Амтлан шимэн тухалмаар байна

No comments:

Post a Comment