Friday, February 18, 2011

Бороо(эсээ)





Тээр жил Атлантын далайн эрэг дээр арав хоногийн турш асгарсан зоргоороо их усан бороонд хөл хоригдон суухдаа бороо гэгч энэхүү байгалийн үзэгдэл,түүний үнэ цэнэ,үнэр амтын тухай эргэцүүлж нэг бодож билээ.Хорвоогийн ааль гэдэг сонин.Ертөнцийн нөгөө бөөрөнд нутагт минь ган гачиг болж нүүдэл суудал хийн бужигнаж шавхуур шандны усыг суганыхаа булчирхайг цочтол ховоодож байхад энэ их усны захад хур бороо илүүдэхийн зовлон байна уу гэхээс гачигдахын хяслангүй энэ газар арав хоногоор асгарч л байдаг.Би говийн хүн.Манай говьд хур бороо баахан татруу.Зарим жил тэнгэрээс дусал ч юм уналгүй гангийн цагаан униар газарт хөшиглөж хүн мал хоёр худаг сахиж зуныг барах нь энүүхэнд.Гантай жилийн малын ангагийг хэлэх үү өдөрт усаа хэд эргэнэ.Халуун наранд ховоо татаж ховор устай худаг дугшихыг хүлээж суух ч амаргүй ажил.Гэвч манай говийнхон ажлын хүндээс ямар халшрах улс биш дээ.Бороо хур элбэгтэй,зуншлага сайхан зун ч зөндөө л байлгүй яaхав.Хэдхэн удаагийн бороонд үндэстэй бүхэн нь дэлгэрч таанын цагаан цэцэг талаар зулсан эсгий шиг цайрах говь нутгийн зун цаг.Наадам өнгөрөөд бороо оров уу үгүй юу л гүүгээ хурдан барьж уруул чимчигнүүлсэн айраг залгилахсан гэж хорхойсдогсон.Гэхдээ л манай нутгийн тэнгэр баахан тунирхуу.Сайхан хар үүл толгойлж бороо ормоор болж ирснээ шороо нүдээд өнгөрөх нь харамсмаар.Бороо хүлээж,бороонд норж,бороонд гүйж,борооны дараах солонго хөөж,хужиртай тойромын усанд булхаж хүүхэд насны минь дурсамжинд ч бороо арилашгүй мөрөө үлдээжээ.Нутгийн хүн хотод ирчихээд энэ их борооноос чинь нутагтаа жоохон ч болсон аваачихсан гэж адгаж байж билээ.Хур бороо гэгч манай нутагт тийм л үнэтэй,цэнэтэй эд дээ.Ховор тусмаа үнэ хүндтэй,амттай байдаг нь хорвоогийн жам юмсанж.Ховор болоод ч тэр үү хур бүхэн дурсамжтай гэвэл дэгс болохгүй байх.Тэр зуны их борооноор гэдэг ч юм уу эсвэл тэднийх нэг их усан борооноор гүүгээ барьсан зун,тэнд ус буусан жил гэхчлэн ярьцгаах.Бас Үйзэнгийн хойд зоо руу бороо ороод төө чийг хийжээ гэх ч юм уу Нүгнээтийн тойром нуурлаад адуу гэдэсдэж байна гэлцэх нь хур тунадасны хэмжээг илэрхийлэх ардымн хэмжүүр.Борооны сураг хэлж байгаа хүн цаанаа л нэг бахтай.Бүр өөрөө бороо оруулчихсан юм шиг бардамнах.Борооны сураг гэдэг айсуй цагийн зураг юм хойно арга ч үгүй биз.Бороогоо хүлээж бороондоо жаргаж бор бор жаалууд бороонд шалдан гүйж нутагт минь өдийд бороо орж байгаа даа.



2006-7-22

No comments:

Post a Comment