Wednesday, March 27, 2013

Хүнийх


Хүний юм хэзээд хүнийх байдаг
Хүйтэн үнэнд зүрхээ хайруулаад
Хүний юманд хэзээ ч ахиж
Хүрэхгүй гэж өөртөө андгайлав



Tuesday, March 5, 2013

‎"Задгай"



Ц.Чимэддорж агсанд

Дэрэнгийн хар азарганы
Дэл сүүл нь задгай
Хавийн амьтад шуугиулсан
Хатир давхил нь ч задгай
Сулдаа асгараад ирдэг
Сувдан хөлс нь задгай
Суунаг татаад үлддэг
Суварган тоос нь ч задгай

Том ах (Эсээ)




Манайхан бүгдээрээ л том ах том ах гэлцэх.Нээрээ л нэрэндээ таарсан том ах сан.Том биетэй болохоор нь тэгж нэрлэсэн байж мэднэ.Арван хүүхэдтэй айлын ууган нь болохоор тэгсэн ч  юм уу.Юутай ч л бие хаа,эрэмбэ зиндаа,ажил үйлс аль ч талаас нь харсан том явсан эр.Цэрэг шинелиэ цэмцийтэл өмссөн цэх шулуухан төрх нь түүнийг уулын ургаа нарийн хар мод лугаа харагдуулна.Зангаар ч ширүүн,зангарагаар ч бас том.Мань мэтийн нусан чавхнууд бол Жаажийг Том ахад чинь хэлнэ шүү гэж далайлгахад  л жижиг авна.Жааж гэдэг нь миний ч мань эрийн ч эмэг хөгшин.Хэн хэн маань гар дээр нь өссөн ч мань хөгшин том ахад төрсөн гурваасаа ч илүү амь тавина.Юм л бол Лхамжав минь тэгээд Лхамжав минь ингээд гэж  сайрхаж суух.Улсдаа ганцхан цэргийн госпиталын гэмтлийн тасгийн эрхлэгч,амьтан хүн хөл алдаж гүйсэн алтан гартай эмч,цэргийн хурандаа хүүгээрээ гайхуулахгүй юм бол юугаараа ч гайхуулах билээ дээ мань хөгшин.

Он цаг



Он цаг яг
Орох цас шиг алгуурхан
Он цаг яг
Одох шувууд шиг алсланхан