Monday, March 28, 2011

Александр Пүүжкин "Алтан загасны " Монгол үлгэр



Хөрст алтан дэлхийн
Хөх Монгол нутаг
Хөл ихтэй хотын
Хонгил нүхэн мухарт
Эдүгээ энэ цагт
Эмгэн өвгөн хоёр
Амь зуухчаа аядан
Аж төрөн суув
Хар усан ундтай
Харанхуй нүхэн нөмөртэй
Газрын траншэйнд хоргодож
Галын илчинд дулаацаж
Гучин жил ажилласны эцэст
Арван жил тэнүүчилэв гэнэ

Friday, March 25, 2011

Балиус ба сарнай


Бодол яриа хоёр бол хэзээнээсээ Бодоо,Чойбалсан хоёр шиг зөрчилдөөнтэй явсан этгээдүүд билээ.Тархинд хуримталсан мэдээллийг нэгдэл,нийгэмчлэлээс бултуулсан сарлаг аятай модон дотор аваачиж уячихаад 
-Нэгдэлдээ малаа нийгэмчлэлгүй яахав ээ гээд зогсож байгаа зальтай эмээтэй зүйрлэж бас болхийм.Бороо хувилан цас,цас хувьсан бороо болох байгалийн үзэгдэл байж болох талтай.Эсвэл ерөөсөө илбийн үзүүлбэр юмаа гэвэл үнэнд тун ойртоно.Ухаандаа циркийн илбэчин дээшээ харуулаад барьсан хар малгайн дотроо хийсэн балиусыг гаргаж ирэхдээ сарнай болгон хувиргаж байгаатай агаар нэгэн бөлгөө.Хүний бодолд балиус ч буй,сарнай ч буй.Харин балиус шиг,сарнай шиг бодлыг юу болгож гаргах нь цэвэр хувь хүний соовэст.Балиусыг балиусаар нь гаргахгүй байнга сарнай болгож гаргаж ирээд байдаг нөхдүүдийг долдой гэж нэрлэдэг.Ийм хүмүүс
-Манай даргын мяраа мөн сайхан зохижээ.Ямар эгдүүтэйн гэж долигнох боловч дотроо болуул гүзээ нь ямар ой гутмаар харагдаж байнаа.Ямар хоормогны хөхүүр биш дээ гээд бодцон тууж явдаг.Сарнайг балиус болгох тохиолдол бас байнаа.Үүнийг атаархал гэж давхар бас хэлээд байгаам.Цэцгээ ямар гоё гутал аваа вэ гэж дотор хүн нь уулга алдаж байхад л өнгө нь их сонин,өсгий нь жаахан намхан юмаа гээд дуугарцан байх жишээний.Балиус ба сарнайн онoлоо батлахын тулд дараах жишээ татая.
Халамцуу Галсан енгинэн уйлна.Тэгснээ бас нэг муу дуу аялмар аядсанаа жонгиносон дуугаар
-Миний ах шиг буянтай,нүнжигтэй хүн халх долоо,шавь тавд байна уу гэж агсарахчаа болно.Харин хуучин муу шовоодой доорх бөндгөр дотор нь бол
-Аа муу хувхай Итгэл чамайг даа.Авааль эхнэрийг нь минь хүртэл "шээрлэж",дарлаж байдаг өөдгүй муу дэвхрэг.Бяртайсан бол зодох,бэлтэйсэн бол салаад нүүх юмсан гэх адгуу бодол толгойд нь эргэлдэнэ.

Thursday, March 24, 2011

Загас инээлгэх жил буюу загасанд зарласан дайны оршил

Хэрэг явдал ингэж эхэлсиймаа.Урсах ус,мөрөн байтугай шалбаагнаас том нуургүй,шанаган хорхойноос том загасгүй улаан говийн хүү намайг Мичиганы  нэг  том амт алгана загасчлах гэдэг самуунд уруу татцийн.Ноднин зун мөрөөрөө журмын хэдэн нөхөдтэй кээмпэнд явж байлаа.Шөнө нь миний муусайн найз нар архийг нэг дор,нэг амаар ууж дуусгах тэмцээн зохиогоод,маргааш нь ходоодныхоо хүчил,шүлтээр зүлэг бордоод надтай мар мар гэх завтай амьтан мазаалай шиг цөөхөн болцордогийн.Тэгээд ямар ёр хаанаас ирээд хатгасын бүү мэд нуурын хажууд ирснийх дэмий суухаас тэмээ хариулнаа гээд ойролцоох Волл Март руу харайж очоод хамгийн үнэтэйгээс нь шилж байгаад 12 цаасны хямдхаан уурга авдиймаа.Миний загас барьдаг ч гэж юу байлаа,надад баригддаг хоногийнх нь тоо гүйцсэн,үйлтэй загас гэж хэн байлаа даа.Нэг шидлээ замаг.Хоёр шидлээ.Нэг юм торох шиг боллоо,орцон уу хөө.Өө бас л замаг.Гурав шидлээ.Замаг гэдгийг нь мэдсээр байж надаар хэлүүлж яах гэсиймб та нар.

Thursday, March 17, 2011

Цаг хугацаа галт тэрэг мэт довтолгоход би дургүй
Цагаасаа эрт хүмүүн хорвоогоос буцахад дургүй
Шинэ он нэг насыг хуанлийн хуудас шиг тасдахад
Шилэн хундага өргөж ерөөл хэлэх дургүй
Ээж минь надаас алсарахад дургүй
Ирээдүй цагийн тухай бодох ч дургүй ээ
Үзэсгэлэн гоог цаг хугацаа бүдгэрүүлэхэд дургүй
Үсэнд хяруу унах,үрчлээ суухад дургүй
Үүрдийн бус тавиланд хичнээн их тунирхлаа ч
Үдийн нар шиг амьдралд үнэн голоосоо дуртай

Thursday, March 10, 2011

Утаанбаатарын "Хуучин хүү" (Фельетон)

Хотын байдал ундуй,сундуй.Цагийн улирал цас,зудтай.Үерийн далан,чимээгүй хот бараадсан хар гэрүүдээс хаймар түлсэн хар утаа олгойдно.Дөрвөн уулын дунд битүү униартай,утаа манан суунаглана.Өвлийн тасxийм жавар хучлага муутай гэрийг нэвт үлээж ядуу ардын сэтгэлийг өвтгөнө.Айлуудын хаяагаар булш,бунхан үргэлжилжээ.Хөлд орохоос эхлээд үс цайхыг хүртэл нэг хотыг тойрон хөөгдөж туугдан нүүдэлсээр паартай байранд амьдарч,паалантай жорлонд хүндэрч үзэлгүй энэхүү ертөнцийг эцэслэнэ.Ай юутай гунигтай.Ай юутай хөөрхийлөлтэй.Гавж Жамбал хойморт завилж засал ном гэж мунхруулах ба зайран Намжил гаднаас ирж бөөгийн онгодоо ав гэж шахахыг сонссоор өдөр хоногийг улируулна.Хогийн цэгээс өөр амьдралгүй гэж бодон хорин хоёрын товчооноос цааш газаргүй хэмээн сэтгэсээр түмэн хэргээс хоцорч дэлхийн боловсролоос лавтай 20 жилээр хоцорно.Гагцхүү сонгуулиас сонгуулийн хооронд амьдрал дээшилж,ажлын байр бий болгоно гэсэн амлалтанд хууртсаар нэг насыг барна.Хуучин хүүд ямар хул морь ч байх биш хоёр зээрдээрээ соёглонхон жороолсоор  хүрч ирэв.Цагтаа цагаан явсан хар уут үүрчээ.Хэрээстийн тусламжаас авсан бор хүрэм асааж ямар өнгөтэй,хэдэн настайг нь Балхаа байтугай хэн ч үл таах даавуу өмд углажээ.Тавхийтэл цастай гутлаа гүвээд тархийтэл ууттай лаазаа шидээд нусаа ханцуйдаа нэг шудраад гэрт оров.Балдангийнд хүмүүс архидаж байна,Цэндийнх хулгайд юмаа алдаж гэнэ,Дамба эрүүлжүүлэхэд хоносон,Гомбо авгайгаа зодсон гэх зэрэг хэдэн үгийг сонин болгон ярьж гутлын ул,дугуйны хаймар дүүрэн чихсэн зуухны бөөрөнд наалдах шахан сууна.Лааз,шил,хог түүж өглөөг өнгөрүүлээд,түүнийгээ тушааж үдийг барна.Дэндэв тэргүүтэнтэй нийлж олсноороо архидаж нэг үдшийг дуусгана.Хэдийгээр ухаан сэргэлэн боловч цааш нь хөгжүүлэх тавилан оногдсонгүй.Эpдмийн мөр хөөх эрх зүйн болоод эдийн засгийн боломж гарсангүй.Нас хэдийгээр залуу боловч үгээгүй ядуу,дээр нь татаасгүй тул дээшилж дэвжсэнгүй.Зөвхөн Утаанбаатар хотоо тойрон хэсүүчилсээр олигтой аж амьдралын замыг нэгэнт алджээ.Өвлийн хүйтнийг түлж болох бүхнийг шатааж байж арайхийн гэтэлгэх бөгөөд зуны халууныг Туулын бургасанд өнгөрүүлж, намар ичиж хавар гарагч тарваганаас зовлонтойгоор он жилийг нөхцүүлнэ.Юутай гомдолтой зэрлэг амьдрал.Юутай хайрлалтай залуу нас.Юунд сайхан амьдрах боломжийг төр засаг нь эс олгоном.Хайран хайран.Хөөрхий хөөрхий.

                                                            

Monday, March 7, 2011

Ори залуу дүүдээ хандах нь (Баабар биш) (фельетон)

Миний дүү хорин насны босгыг алхлаа.Дээд боловсролтой,хүнд харуулах дипломтой боллоо.Ажил,амьдралын ариун дайнд мордох цаг чинь нэгэнт болжээ.Баабар ахынхаа бичснийг уншаад бөндгөрөө цэнэглээд авсан гэдэгт эргэлзэхгүй байна.Тийм учраас ах нь мэдлэг,боловсрол гэж давтаж улиглахгүй.Үнэндээ дүүгийн бөндгөр дотор тархи байна уу,тараг байна уу надад ердөө ч падлийгүй.Гагцхүү энэ зэрлэг нийгэмд яажшуухан амьдарч,ямаршуухан хүн болж,ялаа алахад чинь нэмэр болуужин хэмээн энэхүү мөрүүдийг зориулж байна.Яавал богинохон хугацаанд их мөнгөтэй болж, хорвоог босс ах нар шигээ цалгиж,халгиж туулах вэ л гэж толгойгоо гашилгаж суугаа биз?.Аргагүй ээ, үүнээс илүү мөрөөдөл  гэж үгүй.Сайн хүн биш мөнгөтэй хүний л өмнө толгой бүхэн бөхийдөг болсон цаг.За тэгэхлээр эхлээд яаж ийж байгаад төрийн албанд орноо хөө.Газрын алба,гааль бол мэдээж оргил нь.Олдохгүй бол яахав ээ,юу ч байж болно.Гол нь аливаа хүн ажлаа бүтээхийн тулд чамайг царайчилдаг тийм "түшмэл" мээстэн дээр л очих хэрэгтэй.Үүний төлөө хэд гурван цаасаа харамгүй зориул.Хүнээс хуссан аваас хулгайч,төрөөс хуссаныг нь бол төрийн түшээ,албан хаагч гэж нэрийддэгийг дүүд сануулах юун.Үр дүн нь нэмэхтэй гараад ирэхийн тэр цагт чи хэзээ ч амаа барихгүй гэдэг үгэнд минь харин итгэ.Улс төрийг чамаар  оролдохыг нь хүлээлгүйгээр өөрөө эхлээд оролд.Монголд засгийн эрхийг ээлжлэн барьдаг хоёрхон нам байдаг болохоор сонголт хийхэд ч ядах юм алга.Алийг сонгох нь чиний хэрэг ч адилдаа адил,годилдоо годил гэдэг үгийг сануулах нь зүй.Тийм болохоор зоос шидээд шодчих,шийдэхэд амар.Намын залуучуудын байгууллагаас л хойчийн их үйлсийнхээ гарааг эхлүүлнэ шүү дээ дүү минь.С,Баярцогт,Ч.Сайханбилэг,У.Хүрэлсүх гээд зөндөө ах нар чинь улс төрийн их марафоныхоо гарааг эндээс л эхэлсэн.Том дарга нарынхаа өмнө сайн бөхийж сонгууль мэтийн аар саар,хар бор ажилд нь сайн гүйх хэрэгтэй.Жалга дов,нутгархах үзэл гэж шат ахихад тустай сайхан гишгүүр байдгийг хэлэхгүй өнгөрвөл алдас болно.Увс гаралтай бол Ц.Нямдорж,Д.Дорлигжав ах нар чинь,Ч.Улаан,С.Батболд дарга нар Сүхбаатар зүгийнх бол  туслах жишээний.Удирдлагын академи гэж түшмэл хүний заавал дүүргэх ёстой дамжаа байдгийг хэлэхээ мартаж харлах нь.За яав.Миний хэлснээр болсон уу?.Тийм үү?.Мөн үү?.Таацан уу?.Албан тушаалтай,намын сонгуультай,тодорхой хэмжээний баялаг бүтээгээд аваа биз хөө.Тэгэх ёстой.Одоо л жинхэнэ кино эхлэнэ дээ.Чиний саяны туулдаг  бол зүгээр л киноны өмнөх журнал.Эхлээд Лексус-470 юм уу 570 авч унана шүү.Заавал хар юм уу содон гоё өнгөтэй,машины чинь улсын дугаар,утасны чинь 9911 дугаарын сүүлийн оронтой адилхан байх ёстой.Яагаад заавал гэж асуухаас чинь өмнө, энэ бүхэн бол нэр төр,сэтгэл ханамжийн баталгаа юмаа гээд хариулчихъя ах нь.Хүнд таалагдах,сэтгэгдэл төрүүлэх л чухал болохоос хүсэл сонирхол чинь бол нэг их сонин биш.Эхнэрийнхээ юм уу,ах дүүсийнхээ нэр дээр компани байгуулж мөнгөө эргүүл.Ашигт малтмалын лиценз цуглуул.Газрыг га гагаар нь өөрийн болго.Хүлээж бай,хөгшин арслан өөрөө заагаад өгнөө гэж кинон дээр хэлдэг шиг  яаж идэхийг цаашдаа цаг хугацаа өөрөө  чамд заагаад өгөмз.Харин ханана,цадна гэдэг үгийг тархинаасаа делет хийсэн нь дээр.Улс төрч хүн,улсын нөөцийн будаанд орсон хулгана хоёрт ханах,цадах тухай ойлголт хэрхэвч байж болохгүй.Айх ичих,зовох,эмээх гэдэг үгийг хууль,тогтоомжтой нь цуг онхи март.Хурдан морь үнэ цохин худалдаж ав.Гүү азарга хоёроо ялгахгүй гэж үү.Зүгээр. Араб,английн эрлийз адуунд чинь сэргээш тарьж айраг,түрүүг залаатай малгайтай нь аваад өгөх адуу тэжээдэг монгол бишгүй олдоно газар.Наадмаар туг,хиур дэрвэсэн улаан халзтай өргөөндөө улаа бутраад, томчуудтай их гарын хаш хөөрөг зөрүүлээд сууж байх ч ээдээ бас эр хүний жаргал.Хээр гарч яргуй идсэн гөрөөсний халуун цус уух,тулны толгойны шөл оочих,чоно авлаад ид хав,ёндоогоо гайхуулан машин дээрээ ачиж давхих,залуухан сэвгэрүүд ээлжилж өвөртлөх,Америк,Со,Синга нисч азаа үзэх гээд заавал сурах 10 бүжиг гэдэг шиг босс хүний хийх 10 ажил гэж бас байнаа.Эд хөрөнгө аривжиж,зэрэг зиндаа өгсөх замд чинь хүн чанар гэж нэг юм уруудаад зөрөхвий.Түүнийг тоох хэрэггүй,харин ч араас нь амбаардаад өнхрүүлдэг юм шүү.Мөнгө байхад дараа нь хэрэгтэй бол худалдаад авч болно ш дээ.Тэгээд ч ялихгүй зусар баяжихад саад гэж Монголын Адам Смит Итгэлт баян хэлсэн юм.Ер нь эрх дарх,мөнгө хөрөнгө байхад ээжээс бусдыг нь худалдаж авч болдог юм.Залуу найздаа захих зүйлс гэвэл энэ.Эх орон чинь гологдоод,давчдах цаг ирвээс гадагшаа гарнаа гэж гарц байдгийг эрхэм дүүдээ сануулалгүй орхиж яахин төвдөх.Аз хийморь,ашиг орлого,албан тушаал бүхний дээдийг хүсэн ерөөсөн Ах чинь.Жич;(Энэ бүгд байхад өөрөө гүйгээд ирдэг учраас аз жаргал,аливаа сайн сайхныг гэж улигласангүйг эрхэм дүү болгооно буй за)

Thursday, March 3, 2011

Амьддаа гавьяатаа гэж дуудуулж үзэг л дээ муу Төмөрөө ах минь.

Цагтаа Хэнтийн солгой Төмөрхуяг гэж намуухан уянгалаг хоолой,гитарын эгшгээрээ үзэгчдийг хуйлруулж,хүүхнүүдийн зүрхийг шархлуулж явсан авьяaслаг эр ядруухан амьдарч явааг сэтгүүлч Пүрэвнямын бэлтгэсэн "Тан руу нүүж явна" нэвтрүүлгээс хараад өөрийн эрхгүй үзгээ шүүрч үүнийг бичиж сууна .Ирлэсэн тонгорог шиг иртэй,халгиж цалгиж явсан дуучныг төөрөг, тавиланд даатгаад орхиж болмооргүй санагдах юм.Өөрийнх нь имиж болсон хар малгай,басчиг онгодтой,омголон явсан урлагийн эрийн хугархай юм гэсэндээ цагаан цамц,хар пальтотой, хань ижил шиг нь дасал болсон гитараа үүрэн таяг тулаад амьдрал хэмээх шуурган дундуур тэнтэр тунтар  алхах дуучны төрх хүмүүст нэгийг бодогдуулсан нь лавтай.Архи гэдэг идээг хаа нэг хүртдэг хэмээн худлаа нэрэлхэлгүй,аав ээжийгээ,алтан үеэ нулимастай дурсч,авч чадаагүй алдар цолны тухай ярихдаа хоолой нь зангирч байналээ Төмөрөө ах.Эр хүн байгаагаараа байх сайхан.Алгаа хорстол ташин ахиулж дахиулж явсан хүн та амьдрал хэмээх жүжигт бүтээж яваа гундуу дүрт нь  эмзэглэх хэрэггүй.Дуугаараа хүмүүсийг уярааж,дуулах гэж ирсэн хорвоогоо өөрийнхөөрөө л уйлж дуулж туулж яваа юм тэр.Уран бүтээлч хүн арван хуруу тэгш,төгс төгөлдөр байх албагүй. Баярладаг,гомддог,алддаг,онодог,унадаг,босдог бидний л адил мах цусанд төрсөн хүмүүс тэд чинь. Адарсүрэн,Цэрэнчимэд,аяны шувуудын Төмөр гээд олон сайн уран бүтээлчдийн  авч амжаагүй гавьяатын тэмдэгийг сонгуулийн сурталчилгаанд дуулсан шалдан охид,баньд нарт зүүгээд өгдөг нүдээ олдоггүй шагналтай харалган төрийг яалтай.Хүний сэтгэлд хоногшсон ганц дуу байхгүй атлаа урлагт олон жил томоотой зүтгэснээ гавьяатаар үнэлүүлсэн чанаргүй гавьяатууд монголоор дүүрэн байхад сархад хүртдэг,авгай сольсноос болоод шар тэмдгээ зүүж чадалгүй шар махтайгаа хатаж яваа уран бүтээлчид олон.Аливаа нэг сорилт,шалгуурын өмнө биш авьяас билгийн өмнө л төр алгаа дэлгэдэг байвал сайнсан. Чадалтай сайхан уран бүтээлчдийнхээ авьяасыг цаг тухайд нь үнэлсэн бол гэх харууслын амьд жишээ бол даян хааны дүрийг бүтээгээд гялалзаж явахадаа бус өвгөний дүр оногдох өтөл шахуу насандаа хөдөлмөрөө үнэлүүлсэн жүжигчин Ж.Сүххуяг байна.Хэрэгтний толгойг илдэг бус хийж бүтээсний энгэрийг цоолдог шударга төртэй байхыг хүснэм.Амьддаа  гавьяатаа гэж дуудуулж үзэг л дээ муу Төмөрөө ах минь.

                                                                                                                               

Wednesday, March 2, 2011

"Хөмсгөө шивүүлсэн ээжий" ( фельетон)

 Миний бие саяхан "Дуунд мөнхөрсөн ээж" нэг сэдэвт судалгааны бүтээл туурвиснаа Мартын 8-нийг тохиолдуулан уншигч танд хүргэе гэж бодлоо.Судалгаанд маань  эхийн тухай нийт 60 гаруй монгол  дуу хамрагдснаас намхан буурал,цал буурал,азай буурал,жаахан буурал,сэгсгэр буурал,санчиг буурал мэтийн буурал ээжийн тухай дуу олонх болох нь судалгааны явцад ажиглагдаж байна.Яагаад заавал ээжүүд  жижигхэн биетэй,бие бялдарын хөгжил дорой,хөгшин настай,дээр нь буурал үстэй байх ёстой юм.Залуухан сэмбэгэр,за ядаж л буурал үсээ будуулчихдаг,шулуун хими хийлгэчихдэг,нүдэндээ давхраа суулгуулж нүүрний арьсаа татуулсан,харвингаа соруулж хамраа өндөрсгөсөн, өндөр нуруутай,тарган мяраалаг ээжүүдийн тухай яагаад ер нь дуулж болдоггүй юм бол.За тэгээд атигар,бөгтөр,үрчгэр л гэнэ.Өөдсийн чинээхэн,уймраа,мартаж санадаг,хараа муутай гээд ээжийг элдвээр өөчилж өөнтөглөсөн дуу мөн олон байнаа.Ээжийн бор аяга,бор авдар,саалийн модон хувин,цацлын халбага,утас зүү,араг савар,галын болон үйлийн хайч,өчнөөн жил өмссөн тэрлэг гээд эдэлж хэрэглэж байгаа эд зүйлс нь хүртэл нэг л ядруу.Аавуудын тухайд бол өндөр ханхар,хүдэр чийрэг,уужуу тайван,хээгүй гүдэcхэн,үнэнч шударга,баргил сайхан хоолой гээд хүмүүний хамаг эрхэм шинжийг агуулсан байх төдийгүй мөнгөн аяга,халтар манан хөөрөг,хэт хутга,хаш соруултай гаанс,угалзтай монгол гутал, хурдан хүлэг морь гээд эд зүйлс хүртэл цаанаа л нүнжигтэй.Үүнээс харахул дуунд жээндэрийн асуудалыг ноцтой зөрчсөн нь баримтаар нотлогдож байна.Дуунууд дотроос нэг ээж босгоё гэвэл дараах дүр төрхтэй байх нь.Жижигхээн бие,намхан нуруутай,үрчгэр нүүр,сэгсийсэн цал буурал үстэй,хараа муугийн улмаас саравчилж хардаг,сааль сүү,аргал хоргол үнэртcэн хуучин муу тэрлэгтэй өтөл эмэгтэй санаанд буугаад байгаа юм.Эдгээр дууг орчин цагт нийцүүлэн өөрчлөх шаардлага урган гарч байгааг судлаачийн хувиар тэмдэглэчихүй.Жишээлбэл
Сэмбэгээээр буурал ээжийгээ
Бурхан чинээ санасаан гүй дээ хөө
гэх юм уу
Жилээс жилдээ жингээ барьсан
Жинхэнэ гоолиг ээжий минь

Хөмсгөө шивүүлсэн ээжий минь гунхаж явсан нь саяхан даа
Хөмсгөө шивүүлсэн ээжтэйгээ хөтлөлцөж явсан нь сайхан даа гээд амандаа аялаад үз дээ.Түүнчлэн
Алтай сайхан нутагт минь
Азай хар үстэй ээж минь бий

Өндөр нуруулаг ээжийгээ
Өрөвдөхийн эрхэнд дуулнаа

Сүрчигний үнэртэй ээжээ санахлаар хүү чинь
Хүйгээр холбоотойгоо мэдрэх юм даа

Улаан хуаран дээлээрээ ганцхан жил гоёлоо доо гэх юм уу

Манан дундуур нэвт хардаг
Миний ээжийн нутгаа хөө гээд дуулахад болохгүй юм ердөө алга.Ээждээ очилгүй удаан хүлээлгэх,очоод буцахаараа үүдэн дээр ганцааранг нь орхих зэрэг ноцтой зөрчлүүд дуунд ажиглагдсныг хэлэхгүй өнгөрч чадашгүй нь.Ээжийгээ айл саахалтынх нь улсууд дунд үлдээх,торойсоор үлдээхгүйн тулд тооноороо цацлаа өргөчихөө ээжээ гэж хэлэх,хань олдохгүй бол хонин дундаа ядаж суугаад үлд дээ гэж учирлах ухаан хэрэгтэй байна шүү та минь.Тэгж гэмээнэ  Tоройсоор үлдэнэ үү миний ээжий гэж хэзээ ч дуулахгүй шүү дээ.Дуунд мөнхөрсөн сайхан ээжүүдээ Мартын 8-ны мэндийг хүргэж сайны дээдийг ерөөгөөд энэхүү хошигнолоо өндөрлөе.Зүйргүй их ачтан ээжийгээ дуунаас дуунд зуунаас зуунд ч магтан дуулсаар ажгуу.