Thursday, December 6, 2012

Б.Галсансүхийн "Сэтгэл хэмээх эрхтэн"д үзлэг хийсэн эмчийн онош


Зүрхний чинь бичлэг 
Зүйрлэвээс согтуу буриад 
Үнээдэй нютагт алхах мэт далиу
Зүгээрийнх биз

Сэтгэлгээний шугам чинь
Сэлэнгийн урсгал
Газар сараачих мэт муруй
Сэрэл мэдрэхүйнх биз
Тархи чинь заримдаа
Тараг шиг сагаж
Зүрх чинь хааяа
Зүү тавиулсан шиг хатгуулж
Мэдрэл чинь хаа нэг
Мэлхий шиг ваагалж

Thursday, November 29, 2012

"Үүлэн домог" Mиний омог



"Үүлэн домог" дууны маань клип гарчээ.Уран бүтээл хүнд хүрэхэд  урам зориг,онгод хөглөгдөж улам хийж бүтээх эрч хүч амтагдах бөлгөө.Монгол түмний уламжлалт урлагийг орчин үеийн поп урсгалтай нийцүүлэн таацуулж энэ бол "Монгол поп" хэмээн хүлээн зөвшөөрөгдөх урсгалыг бий болгохоор зорьж,түүндээ хүрч  яваа Д.Болддоо талархал илэрхийлье."Монгол поп" 1,2 цомгуудын хит болох "Хагацаж чадах уу","Үүлэн домог" дууны шүлгийг тэрлэсэндээ омогшиж байна."Үүлэн домог" уран бүтээлийн минь омог.

Monday, November 19, 2012

Орой намрын "уянгат" шувууд



Салхит хотын тэнгэрт бороо зүсрэс гээд уйтайхан.Шувууд хэдүйнэ буцчихсан намар орой цаг сан.Гэхнээ намар болгон шувууд буцдаг биш юмсанж.Шувууд ирдэг намар гэж бас байх аж."Уран үгсийн чуулган"д чуулахаар эх нутаг  Монголоос,эрх чөлөөний суугуул нутгийн өнцөг булан бүрээс эгшиглэнт олон шувуу нисэн ирж салхит хотын их нуурнаа хэд хоног ганганалданхан жаргавай.Ардын уран зохиолч,Соёлын гавъяат зүтгэлтэн П.Бадарч,МЗЭ-ийн гүйцэтгэх захирал,яруу найрагч Г.Мөнхцэцэг,гавъяатгүй ирээд гавъяатаа гэж дуудуулж буцсан яруу найрагч Дан.Нямаа,модернист гэвэл Монголын нохой ч үл андах яруу найрагч Б.Галсансүх нарын зэрэг алдар цол,ачаа номондоо дарагдсан,далавчнаас нь дөрвөн уулын утаа үнэртэх,ярихад нь яруу найраг амилах хэдэн шувуу эх орноос минь зорин ирж "Уран үгсийн чуулган"ыг чимсэн билээ

Sunday, October 28, 2012


Өвөрлөгчийн тавилан

Өвөрлөгч түмэн минь
Өөрөө хүсээгүй тавилан минь
Хүсэвч буцааж өгөхгүй
Хүнийх болсон Монгол  минь
Хаяа хатавчаар нутагтаа хаягдаж
Халх Монголынхоо өмнөөс золиослогдож
Хиагтын гэрээ нэртэй их гүрнүүдийн наймаагаар
Хятадын аманд шидсэн Хөх махны тасархай минь

Sunday, April 1, 2012

Мэдээжийн юмыг мэдээгүй толгой буюу "Элгэн хутга" ФМ 96.9




Aндрoид утсан дээрээ татаж суулгасан "Элгэн нутаг" FM радиогоо асаалаа.Эх оронд маань нэгэн гэгээн өглөө эхэлж байгаа бололтой.Хөтлөгч бүсгүй ялдамхан хоолойгоор
-За энэ бол мэдээж "Элгэн нутаг" ФМ 96.9
Мэдээж нь ч юу чив дээ.Муухан мушийв.
-Мэдээж яг энэ цаг мөчид эх оронд маань 8 цаг 13 минут айлчлан ирээд байнаа.Өнөөдөр бол мэдээж Дөрвөн сарын нэгэн инээдмийн баярын өдөр.
Бухимдалын утаа уугиж эхлэв.8 цаг 13 минут айлчлан ирээд байх даа ч яахав.Ямар нэгэн улирал,аль нэг улсын ерөнхийлөгч,усны шувуу,холын зочин,өвлийн өвгөн биш дээ.Хоёр мэдээж нь эгдүү хүргэсэн ч маргааш дөрвөн сарын нэгэн гэдгийг (Манай энд цагийн зөрөөтэй) сануулсан болохоор нэг мэдээжийг нь нэг удаа өршөөн хэлтрүүлэв.