Wednesday, March 2, 2011

"Хөмсгөө шивүүлсэн ээжий" ( фельетон)

 Миний бие саяхан "Дуунд мөнхөрсөн ээж" нэг сэдэвт судалгааны бүтээл туурвиснаа Мартын 8-нийг тохиолдуулан уншигч танд хүргэе гэж бодлоо.Судалгаанд маань  эхийн тухай нийт 60 гаруй монгол  дуу хамрагдснаас намхан буурал,цал буурал,азай буурал,жаахан буурал,сэгсгэр буурал,санчиг буурал мэтийн буурал ээжийн тухай дуу олонх болох нь судалгааны явцад ажиглагдаж байна.Яагаад заавал ээжүүд  жижигхэн биетэй,бие бялдарын хөгжил дорой,хөгшин настай,дээр нь буурал үстэй байх ёстой юм.Залуухан сэмбэгэр,за ядаж л буурал үсээ будуулчихдаг,шулуун хими хийлгэчихдэг,нүдэндээ давхраа суулгуулж нүүрний арьсаа татуулсан,харвингаа соруулж хамраа өндөрсгөсөн, өндөр нуруутай,тарган мяраалаг ээжүүдийн тухай яагаад ер нь дуулж болдоггүй юм бол.За тэгээд атигар,бөгтөр,үрчгэр л гэнэ.Өөдсийн чинээхэн,уймраа,мартаж санадаг,хараа муутай гээд ээжийг элдвээр өөчилж өөнтөглөсөн дуу мөн олон байнаа.Ээжийн бор аяга,бор авдар,саалийн модон хувин,цацлын халбага,утас зүү,араг савар,галын болон үйлийн хайч,өчнөөн жил өмссөн тэрлэг гээд эдэлж хэрэглэж байгаа эд зүйлс нь хүртэл нэг л ядруу.Аавуудын тухайд бол өндөр ханхар,хүдэр чийрэг,уужуу тайван,хээгүй гүдэcхэн,үнэнч шударга,баргил сайхан хоолой гээд хүмүүний хамаг эрхэм шинжийг агуулсан байх төдийгүй мөнгөн аяга,халтар манан хөөрөг,хэт хутга,хаш соруултай гаанс,угалзтай монгол гутал, хурдан хүлэг морь гээд эд зүйлс хүртэл цаанаа л нүнжигтэй.Үүнээс харахул дуунд жээндэрийн асуудалыг ноцтой зөрчсөн нь баримтаар нотлогдож байна.Дуунууд дотроос нэг ээж босгоё гэвэл дараах дүр төрхтэй байх нь.Жижигхээн бие,намхан нуруутай,үрчгэр нүүр,сэгсийсэн цал буурал үстэй,хараа муугийн улмаас саравчилж хардаг,сааль сүү,аргал хоргол үнэртcэн хуучин муу тэрлэгтэй өтөл эмэгтэй санаанд буугаад байгаа юм.Эдгээр дууг орчин цагт нийцүүлэн өөрчлөх шаардлага урган гарч байгааг судлаачийн хувиар тэмдэглэчихүй.Жишээлбэл
Сэмбэгээээр буурал ээжийгээ
Бурхан чинээ санасаан гүй дээ хөө
гэх юм уу
Жилээс жилдээ жингээ барьсан
Жинхэнэ гоолиг ээжий минь

Хөмсгөө шивүүлсэн ээжий минь гунхаж явсан нь саяхан даа
Хөмсгөө шивүүлсэн ээжтэйгээ хөтлөлцөж явсан нь сайхан даа гээд амандаа аялаад үз дээ.Түүнчлэн
Алтай сайхан нутагт минь
Азай хар үстэй ээж минь бий

Өндөр нуруулаг ээжийгээ
Өрөвдөхийн эрхэнд дуулнаа

Сүрчигний үнэртэй ээжээ санахлаар хүү чинь
Хүйгээр холбоотойгоо мэдрэх юм даа

Улаан хуаран дээлээрээ ганцхан жил гоёлоо доо гэх юм уу

Манан дундуур нэвт хардаг
Миний ээжийн нутгаа хөө гээд дуулахад болохгүй юм ердөө алга.Ээждээ очилгүй удаан хүлээлгэх,очоод буцахаараа үүдэн дээр ганцааранг нь орхих зэрэг ноцтой зөрчлүүд дуунд ажиглагдсныг хэлэхгүй өнгөрч чадашгүй нь.Ээжийгээ айл саахалтынх нь улсууд дунд үлдээх,торойсоор үлдээхгүйн тулд тооноороо цацлаа өргөчихөө ээжээ гэж хэлэх,хань олдохгүй бол хонин дундаа ядаж суугаад үлд дээ гэж учирлах ухаан хэрэгтэй байна шүү та минь.Тэгж гэмээнэ  Tоройсоор үлдэнэ үү миний ээжий гэж хэзээ ч дуулахгүй шүү дээ.Дуунд мөнхөрсөн сайхан ээжүүдээ Мартын 8-ны мэндийг хүргэж сайны дээдийг ерөөгөөд энэхүү хошигнолоо өндөрлөе.Зүйргүй их ачтан ээжийгээ дуунаас дуунд зуунаас зуунд ч магтан дуулсаар ажгуу.


No comments:

Post a Comment