Sunday, April 24, 2011

Аав шувууны шүлэг

Номун,Мэргэн хоёртоо

Өндөг үрсээ дарж ангаахай гаргадаг
Өрөвгөр сөрөвгөр тэднийгээ өсгөж торниулдаг
Өд сөдийг нь гүйцээж далавчаа даахтай болгодог
Өндөр хөх тэнгэрт алган дээрээсээ нисгэдэг
Энгүй орчлонгийн гүнд элин хальж яваад
Эндэж гэнэдэх вий гэж сэтгэл чилээж суудаг
Өвгөн шувуу далавчиндаа түүртэхийн цагт
Өнөө хэдийгээ хүлээж холын тэнгэрийг  харуулддаг
Үрт амьтан шувууны зовлон
Үйлт хүмүүн ижий аав хоёрынх оо
Үүрээ шувуу шиг манаж сүүдрээс хүртэл нөмөрлөх
Үрээ гэх сэтгэл аав ээжийнх байдагаа
Ирээдүй хойчийн зовнил цас мэт дарахад л
Ижий аав хоёрыгоо ойлгож нэг өрөвддөгөө
Энхэл донхолтой aмьдралын бартааг
Ээж аав нь чадлаараа тэгшилнээ
Аяны замын уртад тээр болох
Алдааг минь л харин аавдаа үлдээгээрэй

Wednesday, April 13, 2011

Авилгачин ард түмэн авилгачдыг төрүүлдэг

Луйварчид,хувалзаараа дуудуулан мөн ч их хараалгах юм даа муусайн олигархууд минь.Ам нь мангас мэт агуу,гэдэс нь бирднийх шиг,ханаж цадахаа мэдэхгүй энэ гахайнууд ер нь хаанаас гараад ирсэн юм бэ ингэхэд.Дэлгэсэн тэрлэг шиг эх оронд минь тэд лав саран дээрээс буугаагүй.Газар эхээс цэцэг шиг ургаагүй.Олигархуудыг Монголын ард түмэн бид өөрсдөө төрүүлж,өсгөж бойжуулсан.Монголчууд бид хэзээнээсээ авилгач ард түмэн билээ