Friday, February 25, 2011

Дуулах сайхан,дууг гуйвуулах ч бас сайхан-1

    Амиа хорлож байгаа хүний дуу
Зорьсон сэтгэлийн уяа чангарна

     Газар худалдаж авдаг гадаадынхны дуу
Яасан уудам юм бэ монголын тал нутаг
Яасан уужуу юм бэ Монгол хүний сэтгэл

   Архичин хүүгийн дуу
Үүрд хамт байгаач ээжээ

     Сүүпэр сансрын нисгэгчийн тухай дуу
Сансрын нисгэгч ахаа сайн яваад ирэв үү
Саран наран хоёртой саатан уулзаад ирэв үү

      Хулхи дархны дуу
Энгэрийн мөнгөн товч нь болвол хөө
Эрхий өндгөнд элэгдэнэ дээ хөө

     Архи уух шалтаг хайсан хүний дуу
Аяа анд минь чи хаалгыг минь тогшооч

   Сулралтай хүний дуу
Алив бос
Аргыг нь ол,хийж бүтээ

   Усанд ордоггүй хүний дуу
Аавын минь үнэр,агтны хөлс
Айраг цагаа,ижий минь үнэртдэг

    Спортын авилгалын тухай дуу
Тамирчны ялалт хямдхан олдоогүй


Хянуур нөхрийн дуу

Би гэртээ
Нэг ч уруулын будгийн толбогүй
Нэг ч сүрчигийн нялуун үнэргүй

Бас нэг архичин хүүгийн дуу

Эргэж буцдаг хорвоод
Ээжтэйгээ өтлөх сайхан

Боольхой нөхрийн дуу

Дөлгөөхөн төрхийг чинь би эргэн дурсдаг
Дөрвөн цагийг өртөөлж хүлээдэг
Буурцган зүрхэндээ хоёулаа байдаг
Бусдын тэвэрт чи минь жаргадаг

                                                                                                                             to be continued

Wednesday, February 23, 2011

Монглиш инээд-2

"Талт дээлт"-ийн синхроны орчуулга

Пиццанд ажилладаг америк залуутай найзархдаг нэг нөхөр байх.Нөгөөх нь ч мань эртэй татаа тунгаадахдаа дуртай,гэр орноор нь орж гарна.Нэг өдөр хашир :хөгшин чинь Жэймст Тал дээлтийг(хошин шог) үзүүлээд.Орчуулаад өгсөн чинь ойлгоод их инээлээ гэж надад ярив..Цаашлуулаад чи тэгээд хурдан удмын хул азарга гэдгийг яаж орчуулав гэтэл ямар ч л байсан орчуулаад л өгсөн юм даа гээд их маадгар байна..Мань хүний синхроны орчуулга биш харин арзгар Амбий авгай болоод,буруу зөрүү харсан дээл  өмсөөд баахан манаргасан нь  инээдтэй байж дээ гэж дотроо бодож билээ.

Tuesday, February 22, 2011

Америкийн Монглиш инээд-1

Америкт анх  ирэхдээ англишийг төгс эзэмшсэн хүн ч гэж хэн байлаа.Бүгд л будилдаг шүү дээ.Америкийн монглиш хэлний паянгаас өөрийн мэдэх хэдийг сонирхуулвал.

"Банк Они"
Нэг халх асууж байнаа.Хөгшөөн энэ Банк они(Bank one) соошолгүй (social security number) хүнд данс нээж өгөх болов уу?.Oни гэж бичээд ван гэж дууддаг энэ янкууд нээрээ хөөний улсууд юмаа даа.

Тоох уу? Түүх үү?

-Таксинд ороод удаагүй нэг найз руугаа залгаад асуув.Хаа явж байнаа?.
-Тоохуу дээр явнаа.

-Хаана гэнээ гэж хэрэгт дурлатал мань эр жаахан түгдэрснээ
-Аан Түүхүү дээрээ гэж залруулав.Тоuhy гэж бичээд Түй гэж уншдаг Америкууд, яс спэллддэг манай найз хоёрын алиных нь буруу юм бол доо.

Лоонг лоонг

Хэдэн жилийн түрүүнд ирсэн бидэн дундаа л хэлтэй нэг ах байх.Нэг өдөр босстойгоо утсаар ярьж байгааг нь сонсвол
-Say лоонг лоонг гэх юм.Баачкаа ахаа say slow гэдэггүй юм уу гэвэл тэгвэл чи өөрөө ярь гэж уурлав.

Үнэгүй тахиа

Барилга хийдэг хэдэн Монгол цайндаа орохоор  явж байна гэнэ.Нэг нь банкны free checking гэсэн хаягийг харснаа
-Ийшээ орьё үнэгүй тахиа(free chicken) гэж байна ш дээ .

Sometimes

Нэг монгол хүүхэн ажилд орохоор application бөглөж байснаа хамт яваа хүүхнээсээ асууж байна.Хүүш ээ балай юмаа sex гэсэн асуулт байхийн.Нөгөөх нь ;тэгвэл Sometimes гээд л биччихээч.

Friday, February 18, 2011

Бороо(эсээ)





Тээр жил Атлантын далайн эрэг дээр арав хоногийн турш асгарсан зоргоороо их усан бороонд хөл хоригдон суухдаа бороо гэгч энэхүү байгалийн үзэгдэл,түүний үнэ цэнэ,үнэр амтын тухай эргэцүүлж нэг бодож билээ.Хорвоогийн ааль гэдэг сонин.Ертөнцийн нөгөө бөөрөнд нутагт минь ган гачиг болж нүүдэл суудал хийн бужигнаж шавхуур шандны усыг суганыхаа булчирхайг цочтол ховоодож байхад энэ их усны захад хур бороо илүүдэхийн зовлон байна уу гэхээс гачигдахын хяслангүй энэ газар арав хоногоор асгарч л байдаг.Би говийн хүн.Манай говьд хур бороо баахан татруу.Зарим жил тэнгэрээс дусал ч юм уналгүй гангийн цагаан униар газарт хөшиглөж хүн мал хоёр худаг сахиж зуныг барах нь энүүхэнд.Гантай жилийн малын ангагийг хэлэх үү өдөрт усаа хэд эргэнэ.Халуун наранд ховоо татаж ховор устай худаг дугшихыг хүлээж суух ч амаргүй ажил.Гэвч манай говийнхон ажлын хүндээс ямар халшрах улс биш дээ.Бороо хур элбэгтэй,зуншлага сайхан зун ч зөндөө л байлгүй яaхав.Хэдхэн удаагийн бороонд үндэстэй бүхэн нь дэлгэрч таанын цагаан цэцэг талаар зулсан эсгий шиг цайрах говь нутгийн зун цаг.Наадам өнгөрөөд бороо оров уу үгүй юу л гүүгээ хурдан барьж уруул чимчигнүүлсэн айраг залгилахсан гэж хорхойсдогсон.Гэхдээ л манай нутгийн тэнгэр баахан тунирхуу.Сайхан хар үүл толгойлж бороо ормоор болж ирснээ шороо нүдээд өнгөрөх нь харамсмаар.Бороо хүлээж,бороонд норж,бороонд гүйж,борооны дараах солонго хөөж,хужиртай тойромын усанд булхаж хүүхэд насны минь дурсамжинд ч бороо арилашгүй мөрөө үлдээжээ.Нутгийн хүн хотод ирчихээд энэ их борооноос чинь нутагтаа жоохон ч болсон аваачихсан гэж адгаж байж билээ.Хур бороо гэгч манай нутагт тийм л үнэтэй,цэнэтэй эд дээ.Ховор тусмаа үнэ хүндтэй,амттай байдаг нь хорвоогийн жам юмсанж.Ховор болоод ч тэр үү хур бүхэн дурсамжтай гэвэл дэгс болохгүй байх.Тэр зуны их борооноор гэдэг ч юм уу эсвэл тэднийх нэг их усан борооноор гүүгээ барьсан зун,тэнд ус буусан жил гэхчлэн ярьцгаах.Бас Үйзэнгийн хойд зоо руу бороо ороод төө чийг хийжээ гэх ч юм уу Нүгнээтийн тойром нуурлаад адуу гэдэсдэж байна гэлцэх нь хур тунадасны хэмжээг илэрхийлэх ардымн хэмжүүр.Борооны сураг хэлж байгаа хүн цаанаа л нэг бахтай.Бүр өөрөө бороо оруулчихсан юм шиг бардамнах.Борооны сураг гэдэг айсуй цагийн зураг юм хойно арга ч үгүй биз.Бороогоо хүлээж бороондоо жаргаж бор бор жаалууд бороонд шалдан гүйж нутагт минь өдийд бороо орж байгаа даа.



2006-7-22

Wednesday, February 16, 2011

"Суварган цэнхэр Монгол" "фельетон"





Саяхан Форбс сэтгүүлийн газраас нэгэн судалгаа гаргажээ.Манай улсын талаар сайн муу хоёр үзүүлэлт гарсан юм байх.Муугаас нь эхэлвэл монгол улс нэг хүнд оногдох орон сууцныхаа тоогоор Конго,Зааны ясан эрэг зэрэг улсаас арай өмнүүр 190 байр хавьцаа,харин нэг хүнд оногдох хөшөө, суварганыхаа тоогоор айрагийн тавд багтсан сайхан мэдээ байна.Иргэн бүр сууцтай байснаас суваргатай байвал одоо,ирээдүй гэсэн хоёр цагт нүүр улайхгүй амьдрах нигуур буйг манайхан олж харсан нь сайн хэрэг.Ирээдүй рүү чиглэсэн хөгжил гэж үүнийг л хэлэх байх.Ухаандаа хэдэн зуун жилийн дараа зарим зүйлс бараа туруугуй алга болсон байхад хөшөө, суварга хэвээр үлдээд хэдэн муу хар хэрээ дээр нь сангасаа унагасан шиг сууж байх юм байна л даа.Бас л ухаан шүү.Монгол улс Ливэрпүүлийн алдарт дөрвөл Битлзийн хөшөөг Азид анх удаа босголоо.Ямар уу?.Хойшдоо ч бидэнд хөшөө, дурсгал, суваргаар дэлхийд тэргүүлэх сайхан боломж байна.Бусад улсууд аягүй бол Иглз,Би жийз,Металика,Мадонна энэ тэрд хөшөө босгоогүй л тууж яваа даа.Хийх ажил бага, босгох хөшөө суварга харин даан ч их байгаад байдаг.С.Бaтболд дарга дээр ороход ч бат л даа,хөрөнгө мөнгөнд бол ерөөсөө санаа зовох юм алга.Бид Чингис өвөгийнхөө ташуур олоод ихэд билгэшээсэн газар дээр сайхан хөшөө босголоо.Харин олсон ташуураа эзэнд нь эргүүлж өгсөн эсэх нь бол нэлээд эргэлзээтэй .Эндээс монголчуудын лост&фаунд эд зүйлст хандах хандалгыг тодорхойлж болох юм.За тэр яaхав ээ.Харин Чингис богдынхоо хээрээс олсон эд зүлсийнх нь жагсаалтыг гаргаж тус бүрт нь хөшөө босгох санал байна.Ухааандаа малгай олсон газар нь малгайтай,гутал олсон газар нь гуталтай гэх мэтээр хөшөө босгоод байж болноо доо.Х.Баттулга сайдаас санхүүжилт асуухад үгүй гэхгүй нь лав.
Гэтэл  хөшөө суваргыг нүд үзүүрлэсэн бусармаг явдал саяхан Өвөрхангай аймагт гарлаа.Эр хүний бахархал болсон тэр сайхан гулигар  амьтанг ад үзнэ гэдэг байж боломгүй,тэвчишгүй явдал хэмээн "Боовон хөшөөг нүүлгэхтэй тэмцэх холбоо"ны гэнсэк хариу мэдэгдэл хийсэн байна.Зарагдсан барааг буцаадаггүй бол залагдсан хөшөөг яадаг юм бүү  мэд. Дуунд хөшөө босгодог сайхан уламжлал бас манайх.Элэг зүрхнээс уяатай,мөнгөн долгио хаялсан гээд л хөвөрнө шүү дээ. 50 оноос хойш хит болсон бүх дуунд хөшөө босгох тээндэрийг нэг нөхөр авсан сурагтай.Хойшдоо ганган байгалийг тольдсон,хөнгөн жигүүр ургаж гүйцээд,чамайг тойрон эргэлдэнэ,гил хар шөнийн зүүдэнд цал буурал үстэй ирэв үү,бааны өрөөний хаалгыг сайтар түгжсээн гээд л явж өгнө дөө.Одоо суварга руугаа ороё.Монгол улсын иргэн бүр суварга босгуулах,суварга босгох,суваргатай байх эрхтэй гэсэн заалтыг үндсэн хуульд оруулах талаар өнгөрсөн сонгуулын үеэр өндөр настан бvртэй уулзаж суварга босгож өгөхөөр амлаж сонгогдсон кампааны захирал нөхөр Их хуралд оруулж байгаа гэнэ. Энэ нөхөр болбоос "иргэн бүрийг суваргажуулах " мундаг том тээндэрийг хэрэгжүүлэхэд Дэлхийн банкнаас олгосон ядууралыг бууруулах төслөөс санхүүжүүлэхээр тусгуулсан ,өөрийн ээж,өргөж авсан ээж,эх барьсан ээж,хадам ээж нартаа тус бүрт нь суварга босгож алдаршсан "Суварган цэнхэр уулс " кинонд суварга босгох дараагийн ажилдаа орчихоод яваа суваргаар занимаалддаг гавьяат хүн бөлгөө.Бас Их хуралын өөр нэгэн эрхэм гишүүн "Иргэн бүхэнд суварга,дуу&Дуу болгонд хөшөө" хөтөлбөр санаачилснаа сонгууль ойртож байгаатай уялдуулан " Иргэн бүрт суварга,дуу&Дуу болгонд хөшөө+Толгой" болгон өөрчилсэн яриа байна.Хөшөө тийш зорчих ардын зам балрахгүй,хөшөө дурсгалаа босгов би гэсэн Пушкины алдарт мөрүүдэд хөшөө босгуулах хүсэлтэйгээ төсгөлийн оронд тэмдэглэсүү. 

Монголын улс төр,бизнeсийн олигархуудад илгээх ил захидал




Энэ нийтлэлийг би ядарч зүдэрсэн,цөхөрсөн ард түмнийхээ өмнөөс бичиж байна.Үүнийг би нэгийг ухаарч хоёрыг тунгаагаасай ,ядаж өчүүхэн ч болтугай ухаарал та бүхэнд өгөөсэй гэсэндээ бичиж байна.Хүн хэдий сайн ч хэлэхээс наашгүй гэдэг бил үү.90 оны цагаан морин жилээс энэ төмөр туулай жил хүртэл их юм хувьсан өөрчлөгджээ.Лоозон бариад уухай хадааж явсан хүмүүсийнхээ эсрэг өнөөдөр лоозон өргөж жагсдаг болж.Тэрхүү хүйтэн царцмал тогтолцооны эсрэг боссон зоримог залуус өнөөдөр иргэний хөдөлгөөний жагсаалыг төрийн ордны цонхоор хараад зогсож байна.Тийм ээ та нар ингэх гавьяатай хүмүүс.Энэ талаар бол ярихгүй.Түүхийн хог дээр хэдийнэ хаягдсан социализмыг ч эргэн санагалзахгүй.Хориод жилийн тэртээ өөдгүй баян,хөөрхий ядуу хоёрын тухай Энэтхэг кино үзээд өрөвдөөд уйлж суусан монголчууд өнөөдөр тэр ядуу тарчиг амьдралыг биеэрээ туулж явна.Улс төр болон бизнeсийн олигархууд хэдэн үе удмаараа монгол орныг эзэгнэх Энэтхэг маягийн нийгмийн давхарга,ангилал хэдийнэ бүрэлдэн тогтчихож.Аливаа хүн шударга хөдөлмөр,ариун цагаан замаар алдар нэр,эд хөрөнгөнд хүрсэн бол хүндлэл хүлээхээс бус шороогоор юу гэж цацуулав гэж дээ.Харин Монголын өнөөгийн улс төр болоод биснeсийн хүрээнийхэн дотор нэр цэвэр,шударга хүн цөөхөн байгаад л асуудалын гол нь байна.Хүн яах гэж улс төрд ордог,эрх мэдэл,албан тушаалын төлөө хөрөнгө мөнгөөрөө дэнчин тавин барин яагаад тэгтлээ шунан дурладагийн учрыг захын тэнэг толгой ч гадарлана.Төр засаг,захиргааны албан тушаал увайгүй хүмүүсийн эд мөнгөө өсгөх боломж бололцоо, баталгаа болж буйд, тэр шунал хүсэл нь хязгаар, төгсгөлгүй мэт үргэлжилж байгаад эмзэглэхгүй байхын арга алга.Төрөөс төрсөн тэрбумтанууд,газрын наймаачин сайд,гурилын үйлдвэр гулруулсан төрийн түшээ,авилгалын загалмайлсан эцгийн тухай түүхийг ард түмэн санаанаасаа зохиосон гэж үү?.Улс төр,бизнeс хоёр уургач, уутач шиг цугтаа дөрөө харшуулаагүй гэх үү?.Хэвлийг нь онгичход хангай дэлхий ёолоогүй,хэрчээд харийнханд худалдахад газар шороо чинь гомдоогүй гэж бодно уу?.Эрхэм дээдэсүүд ээ!.Арлын Сингапурын алтан элсэн дээр хөлбөрч хэвтэхэд чинь,Улаанбаатарын утаанаас зугтаж Амeрикт сурдаг хүүхдээ эргэнгээ аз үзэж арав хорьхон мянган доллар казиногийн ширээн дээр чулуудах зуурт эх оронд чинь үмх талхыг хүн нохой хоёр хог дээр булаалдан үхэгсэдийн хотхоноос үлдэгсэд нь гэрээ барих газар гуйж, үгээгүй амьдралдаа хэн нэгэн өөрийн гараар цэг тавьж байна.Эрх мэдэл,албан тушаал,эд хөрөнгө энэ бүх боломжийг ардчилсан нийгэм,чихэр бурам шиг амлалтанд чинь хууртаж ханадаггүй ард түмэн хоёр та нарт олгосон.Одоо та бүхний ээлж.Албан тушаал,эрх мэдэл,эд хөрөнгийн дэвээ жаахан ч атугай хазаарлан хувийн ашиг сонирхол,амбицаа түр хойш нь тавиад эх орон,ард түмэн,ирээдүй хойчийнхоо тухай өчүүхэн ч болов санаа зовних цаг нэгэнт болжээ эрхэм дээдэсүүд минь.Нэг гэр бүлд,нэг насанд хэтийдсэн их хөрөнгө зоорь цуглуулснаа мэдээд Bill Gates тэргүүтэй тэрбумтанууд мөнгөнийхөө үлэмжхэн хэсэгийг буяны үйлст зориулж эхэлснийг сонссон байх.Гэтэл манайд христийн сүмээс өөр өнчин ядуусийг хооллож ундлах газар бий бил үү?Сэтгэл хийгээд зүтгэл байвал гурван сая хүрэхгүй хүн амтай,асар их байгалийн нөөц баялагтай Монгол орныг хөгжүүлэх тийм ч хэцүү бишээ.Эрх мэдэл, нөхцөл бололцоо,хүч чадал та нарын гарт байна.Эх орон, ард олныхоо тусын тулд авилга,хээл хахуулиас ангид хоёргүй нэг сэтгэлээр зүтгэх, улс үндэстэнийхээ эрх ашгийг илүүд үзэх,тусгаар тогтнол,газар шорооныхоо төлөө цохилох зүрхтэй, гашилах тархитай байхыг эрхэм таниас хичээнгүйлэн хүсч байна.Амжиж чи алдрын зэрэгт хүрсэн бол Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг гэсэн О.Дашбалбар агсаны шүлгийн мөрөөр энэхүү ил захидалаа өндөрлөе.Монгол орон мандан бадраг.