Tuesday, March 5, 2013

Том ах (Эсээ)




Манайхан бүгдээрээ л том ах том ах гэлцэх.Нээрээ л нэрэндээ таарсан том ах сан.Том биетэй болохоор нь тэгж нэрлэсэн байж мэднэ.Арван хүүхэдтэй айлын ууган нь болохоор тэгсэн ч  юм уу.Юутай ч л бие хаа,эрэмбэ зиндаа,ажил үйлс аль ч талаас нь харсан том явсан эр.Цэрэг шинелиэ цэмцийтэл өмссөн цэх шулуухан төрх нь түүнийг уулын ургаа нарийн хар мод лугаа харагдуулна.Зангаар ч ширүүн,зангарагаар ч бас том.Мань мэтийн нусан чавхнууд бол Жаажийг Том ахад чинь хэлнэ шүү гэж далайлгахад  л жижиг авна.Жааж гэдэг нь миний ч мань эрийн ч эмэг хөгшин.Хэн хэн маань гар дээр нь өссөн ч мань хөгшин том ахад төрсөн гурваасаа ч илүү амь тавина.Юм л бол Лхамжав минь тэгээд Лхамжав минь ингээд гэж  сайрхаж суух.Улсдаа ганцхан цэргийн госпиталын гэмтлийн тасгийн эрхлэгч,амьтан хүн хөл алдаж гүйсэн алтан гартай эмч,цэргийн хурандаа хүүгээрээ гайхуулахгүй юм бол юугаараа ч гайхуулах билээ дээ мань хөгшин.
Хир халдаанаа гэвэл ёстой холоо хэвтэнэ.Ах сархад таалаад байна гэж дүү  нар нь хушуу өргөхөд
-Аргагүй дээ хар багаасаа амласан ундаа нь юм чинь  гэж өмөөрч суусан Жаажид хүүгээс нь илүү бурхан гэвэл бор авдран дээрх Ногоон дарь эх л байсан байх.Өвдөж зовсон,бэртэж гэмтсэн хүмүүс айраг идээний дээжээ бариад том руу гүйнэ.Мань эрийг Монголд  Илизаровын аппратыг гээчийг нэвтрүүлсэн анхдагчдын нэг гэдэг юм.Миний л мэдэхийн Морины хэмээн алдаршсан МУГЖ Г.Батбаяр дуучин хөл дээр минь босгосон ачтан гэж түүний тухай зурагтаар ярихыг сонссон.Өөр өч төчнөөн хүнийг хөл дээр нь босгож өвчнөөс нь салгасан байж таарна.Гавъяатын тодорхойлолтыг нь харахад л лав тоймгүй их тоо харагдаж байсан.Харамсалтай нь цолоо ч авч чадалгүй яваад өгсөн.Ач тус болсон хүмүүсийнх нь сэтгэлд гавъяа зүтгэл нь зул шиг гэрэлтээд үлдсэн дээ.Лхамжав эмчийн ач буянаар гээд л дурсч суудаг биз дээ одоо ч.Том ахын цэргийн хүн болсон түүх бас сонин.Анагаахын оюутан байхдаа цэрэгт татагджээ.Өөрөө дурлаад явсан ч юм уу,татсан ч юм уу бүү мэд.Хээрийн карантинд байхад нь нэг цэрэгт мухар олгой ургаад эмч эзгүй,эмнэлэг хол байсан  юм даг уу аргагүйдэж хэцүүдсэн юм байх.Мань хүн хээрийн нөхцөлд хагалгаа хийгээд олгойг нь аваад хаячихаж.Шинэ цэрэг маань газар дээрээ дэслэгч цол шагнуулаад түүнээс хойш армиас холдоогүй.Эх орондоо эмчийн хувиар,эр цэргийн ёсоор  өргөсөн хос тангарагтай,хол зангарагтай эр явлаа.Өөрийг нь ороосон өвчний ч өмнө том байж сэтгэл санаагаар чанд хатуу явсаар насаараа сахисан эмнэлэгийнхээ орон дээр насан хутагийг олсон доо муу том ах минь.Томыг явахад томоо зай онгойгоод үлдсэн.Том хүний орон зай том байдаг юм билээ.Муу ахыгаа байхад эмнэлэг домнологийн зовлон мэддэггүй байжээ гэж ээж минь санаа алдаж суусансан сүүлд.Эр бие халирч одов ч үр удам үлдэхийн учир гэж бий.Том ахын маань үр хүүхдүүд сайн яваа.Том хүний үрс жижигхэн амьдрахын учиргүйг аавынх нь зам мөр ч сануулдаг биз.Тодхон атлаа богинохон амьдарсан Том ахын тухай товчхон дурсахад энэ буюу.

No comments:

Post a Comment