Wednesday, June 15, 2011

Морь ярьсан Монгол


Төрж өссөн аймгийн маань түүхт 70 жилийн ой энэ зун болно.Аль 2001 онд бичиж байсан нэг шүлгээ аймгийнхаа ойд зориулсан сэтгэлийн мялаалга болгон тавьлаa.

Морь ярьсан Монгол

Дундговь аймгийн Луус сумын МУМУ Д.Эрдэнэчулуун,ААУ Б.Чулуунбаатар нарт зориулав

Гүүнээс биш
Хүнээс төрсөн атлаа
Саамаар биш
Сүүгээр амласан мөртлөө
Адгууснаас өөр бахдах зүйлгүй юм шиг
Адуунаас өөр сайхан нь үгүй юм шиг
Сав л хийвэл адуу ярьж суух
Сайхан Монгол эр манай нутагт байх
Улс амьтны хөл тэднийхээс тасрана гэж байхгүй
Уяа шон дээрээс нь унаа мал сална гэж үгүй ээ
Хурд яриулж морь шинжүүлж
Хөхүүрийг нь шавхаж унага татаж
Тэдийд л өнжицгөөх
Даваахүүгийн хээр азарганы хөлсийг духандаа хүргэснээ
Далай ламын мутраас адис хүртснээс илүүд бодох
Хойдохыг минь уншихдаа арц хүж биш
Хомоол унгатгаарай гэж адарч мэдэх
Шөлний хонь ачлаганы тэмээ гэхээсээ
Чөдрийн хэдэн морио гэж алагчлах
Ажнай ярьж нойргүй хонох
Адуу шиг үүрээр зүүрмэглэх
Өглөөний улаан нарнаар мордох
Өнөө л хэдэн адууныхаа араас шогших
Адуу дагаж буян нь хурж
Адуугаа л ярьж,морио уяж
Дуу уянгалж адуу янцгаасан
Дундговь нутагтаа жаргаж суудаг аа
Морь ярьсан
Монгол эр


Saturday, June 11, 2011

Америкийн нийгмийг өөрчилсөн гангстерууд


Балмад явдлаар баатар болдоггүй гэсэн монголчуудын үгийг Америкийн домог болсон гангстерүүдын алдар үгүйсгэх мэт.Жон Деллинжер,Ал Капоне,Лаки Лучиано,Мэйр Лански,Багси Сигел мэтийн хүнд гаруудын алдар цаг хугацааны уртад бүдгэрэлгүй тэдний тухай ном зохиол,кино ший гарсаар,хүмүүс тэдний тухай үүх түүхийг сонирхсоор байгаа нь үүний илрэл гэлтэй.Залуу үеийнхний хувьд тэд муу муухайгийн үлгэр гэхээс илүү адал балмад явдал,эр зоригийн илэрхийлэл болдог гэхэд хилс болохгүй бизээ.