Monday, November 19, 2012

Орой намрын "уянгат" шувууд



Салхит хотын тэнгэрт бороо зүсрэс гээд уйтайхан.Шувууд хэдүйнэ буцчихсан намар орой цаг сан.Гэхнээ намар болгон шувууд буцдаг биш юмсанж.Шувууд ирдэг намар гэж бас байх аж."Уран үгсийн чуулган"д чуулахаар эх нутаг  Монголоос,эрх чөлөөний суугуул нутгийн өнцөг булан бүрээс эгшиглэнт олон шувуу нисэн ирж салхит хотын их нуурнаа хэд хоног ганганалданхан жаргавай.Ардын уран зохиолч,Соёлын гавъяат зүтгэлтэн П.Бадарч,МЗЭ-ийн гүйцэтгэх захирал,яруу найрагч Г.Мөнхцэцэг,гавъяатгүй ирээд гавъяатаа гэж дуудуулж буцсан яруу найрагч Дан.Нямаа,модернист гэвэл Монголын нохой ч үл андах яруу найрагч Б.Галсансүх нарын зэрэг алдар цол,ачаа номондоо дарагдсан,далавчнаас нь дөрвөн уулын утаа үнэртэх,ярихад нь яруу найраг амилах хэдэн шувуу эх орноос минь зорин ирж "Уран үгсийн чуулган"ыг чимсэн билээ
."Уран үгсийн чуулган"ыг ноднин Дэнвэрт зохион байгуулсан "Тулга" нэгдлийнхэн гэж хань ижил,үр зулзагаа дагуулсан сүрэг шувуу  тулганы хэлбэрээр зэллэсээр ирж буув.Тулганд цоролзох гал мэт харагдах ганц түүчээ тогоруу  тэднээ хөтлөх нь нэгдлийн ахлагч Х.Лхамжав гэж сайхан найрагч ах.МЗЭ -ээс "Утга зохиолын төлөө" хэмээх сайхан тэмдэгээр түүний энгэр сэтгэлийг нь мялаана билээ.Невадагаас яруу найрагч,орчуулагч Т.Дашбалдан ах хосоороо,ДС-гээс зохиолч Л.Батбаяр ах ганцаараа нисэн ирж чуулав.Үдэш нь ирээд үүрээр буцсан Л.Батбаяр зохиолчийг бушуу шувуу гэж шогломоор санагдавч  тэр хол газраас богино хугацаатай боловч ирж оролцсон сэтгэлийг нь гомдоох учраас үгээ буцааж авах төдийгүй дээр нь нэмээд баярлалаа гэж хэлэх нь зохилтой.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт зохиолч Д,Энхболд,орчуулагч,яруу найрагч  Ж.Оюунцэцэг,яруу найрагч Х.Тэргэл болон үүнийг бичиглэгч миний бие мэтийн зах усны хөвөөнөө залхууран суугч галуу адил хэдэн нөхөд нисч биш харин алхан ирж оролцлоо.11 сарын 10 ны үдээс хойхно юмсан. Г.Мөнхцэцэцэг эгч бид хоёр Чикаго хотноо үүдээ нээж буй Монгол номын сангийн нээлтэнд оролцохоор яаруухан давхиж явлаа.Мөөжиг  эгч гэнэтхэн 
-Пүүжээ тэр солонгийг хараач гэж дуу алдахуйд ажваас их хотын хойморт гоёмсог солонго алдлан татсан байв.Бэлэг боддог Монгол хүний зангаар бид хоёр чуулган маань сайхан болох нь ээ хэмээн бэлэгшээсэн нь талаар болсонгүй."Уран үгсийн чуулган"ы эхний өдөр уран уншигчид маань уран үгсийн мастеруудын бүтээлээс уншиж өрсөлдсөн.Хорь шахам уран уншигчидаас Лос Анжелес хотоос ирж оролцсон Э.Сосорбарам гэдэг залуу Со ахынхаа нэр,шийр хоёрыг хатааж тэргүүн байрт шалгарсан бол  Чикаго хотын С.Сугар удааллаа.Гуравдугаар байрт дуу шиг нэртэй бүсгүй шалгарсан нь Б.Намуунбайгаль гэх ажаам.Уран үгийн  хоёр мастер болоод уран уншихуйн мадаам Д.Жагдаг эгч шүүн явуулсан хойно би юу хэлэхэв.Дэнвэрийн М.Эрдэнэбатын уншсан "Жамухын өчил" мундаг байсан боловч нэг голын усанд хоёр орж болдоггүй алдарт үнэнд аргагүй гүйцэгдэж айргийн дөрөвт шалгарсан.Учир юун хэмээвээс мань эр ноднин Дэнвэрт түрүүлэхдээ эл өгүүллэгээ уншсан юм билээ л.Уран үгсийн чуулганы хоёр дахь үдэш зохиолч,яруу найрагчид  шүлэг найргаа дуудсан нь  П.Бадарч ахын Ардын уран зохиолч цолны  А-гаар  эхэлж яруу найрагч миний Я-гаар отголох хүртэл үргэлжилсэн бөлгөө.Үзэгч олон П.Бадарч ахын эхийн сэтгэлтэй цуг өмөлзөн,"Өвөрлөгчийн тавилан"г дагахгүйн тулд Монголоосоо л битгий урваарай гэж үр хойчдоо захихын учрыг ухааран,амьдралд ямар их хайртайгаа мэдрэхийн сацуу Бурханд өгөх Галсансүхийн зөвлөгөөг бултаараа амьсгаа даран сонсч сэтгэлийн цангаагаа тайлсан гэдэгт эргэлзэхгүй байна.
Хүн гэдэг ус,ундаар төдийгүй сэтгэлээрээ цангаж явдаг амьтан ажээ.Энэ хэд хоногт  тэрхүү сэтгэлийн ган  чухам нэг тайлагдах шиг болсон.Харь нутгийн тэнгэр дор эх нутаг,элгэн садан,ижил олон нөхөд юугаа  санагалзахын зовлонг нарийн торгон мэдрэмжтэй найрагч зочид маань гярхай ажиглаж аян замын  алжаалыг үл ажран сэтгэлийн өглөгөө бидэнд харамгүй хайрлалаа.Сэтгэлдээ тээдэг эх оронтой атлаа эх оронгүйдэж олон жил зүрхэндээ шархтай,сэтгэлдээ гунигтай явсан А.Өлзийбаяр эмч болон тэдний гэр бүлийнхний ёстой нэг нар нь гарсан болов уу энэ хэд хоногт.Үхэхээс бусдыг үзсэн өвгөн ахын сэтгэл ихэд хөдөлсөн нь анзаарагдаж байсан.Түүний туулсан амьдралаа товчоолсон "Монголдоо тэмүүлсэн сэтгэл" нэртэй номонд мялаалга өргөсөн "Өвөрлөгчийн тавилан" шүлэг минь ч олонд их хүрсэн нь миний сайных биш сэдвийн далайцтайнх буй за.Бороотой,шагналын хуртай,дуутай хууртай,дурсамж наргиатай мартагдашгүй өдрүүд байлаа.Улс төр ярьсан газар хэрүүлтэй.Утга зохиол ярьсан газар ухаарал,гэгээрэлтэй гэсэн гайгүй сайн үг олоод хэлчихье байз хөө.Илүү нарийн ширийнийг Д.Энхболд ах  дэлгэрэнгүй дэлгэнэ гэж найдаад ингэсгээд  өндөрлөе."Уран үгсийн чуулган"ыг амжилттай зохион байгуулсан Д.Энхболд,Х.Тэргэл.Д.Бишүүгарам нартаа,ирсэн хүндэт зочиддоо,сэтгэл,зүтгэл гарган оролцсон бүх оролцогчиддоо болон ивээн тэтгэн сэтгэл дэвсэн тусалсан А.Өлзийбаяр эмчийн гэр бүлд,ивээн тэтгэгчид,энэ арга хэмжээг сурвалжилсан "Ю-Мон" телевизийн хамт олон Б.Уранчимэг,Адилзаяа,zok.mn-ний А.Ганзориг нарт,мөн арын албанд халаагүй зүтгэсэн Эрка эгчдээ,халхай палхайг гардан хийсэн халуун сэтгэлт нөхдөд,хоёр үдшийн арга хэмжээнд бидэнтэй цуг байж алга ташилт юугаараа урмыг мялаасан үзэгч олондоо баярлалаа гэж хэлье.Та бүхнийг эгшиглэнт охин тэнгэр Янжинлхам өнөд ивээх болтугай.
Хойтон жил Вашингтон ДС-д баяртай уулзахын ерөөл талбиад сэтгэлдээ бяцхан гунигтай зүг зүгтээ нисэлдэн одвой Чикагогийн тэнгэрт чуулсан орой намрын уянгат шувууд.

1 comment:

  1. Яасан ч гоё юм. Харийн нутагт давчдаад байгаа ардад минь Харин ч нэг сайхан зүйл болж, би энд уншаал бийр янтаагаа бэлджийшд. Сэтгэл хөдлөм сайхан бичиж. Тэнд цугласан олны сэтгэлийн цэнгэл эдэлж байгаа нь нүдэнд харагдаж байна.

    ReplyDelete