Sunday, April 1, 2012

Мэдээжийн юмыг мэдээгүй толгой буюу "Элгэн хутга" ФМ 96.9




Aндрoид утсан дээрээ татаж суулгасан "Элгэн нутаг" FM радиогоо асаалаа.Эх оронд маань нэгэн гэгээн өглөө эхэлж байгаа бололтой.Хөтлөгч бүсгүй ялдамхан хоолойгоор
-За энэ бол мэдээж "Элгэн нутаг" ФМ 96.9
Мэдээж нь ч юу чив дээ.Муухан мушийв.
-Мэдээж яг энэ цаг мөчид эх оронд маань 8 цаг 13 минут айлчлан ирээд байнаа.Өнөөдөр бол мэдээж Дөрвөн сарын нэгэн инээдмийн баярын өдөр.
Бухимдалын утаа уугиж эхлэв.8 цаг 13 минут айлчлан ирээд байх даа ч яахав.Ямар нэгэн улирал,аль нэг улсын ерөнхийлөгч,усны шувуу,холын зочин,өвлийн өвгөн биш дээ.Хоёр мэдээж нь эгдүү хүргэсэн ч маргааш дөрвөн сарын нэгэн гэдгийг (Манай энд цагийн зөрөөтэй) сануулсан болохоор нэг мэдээжийг нь нэг удаа өршөөн хэлтрүүлэв.

-Та бүхэндээ хүргэх дараагийн дуу бол Mэдээж "Классик жэм" хамтлагийн Есөн эрдэнийн орон.
Ямар дуу тавих гэж байгааг чинь яаж мэдэх юм бэ гэж дотроо хэдэрлэв.
Ашгүй хэдэн сайхан дуу дараалан явж чих амраалаа.Эргээд нөгөө уянгалаг сайхан хоолой.
-Та бүхэндээ 8 цаг тэг гучин есөн минутын мэндийг хүргэе.Мэдээж яг энэ цаг мөчид сонсогч та бүхнийхээ дууны захиалгыг ......... утсаар авч байна.Та бүхэн захиалгын дараалал үүсэхээс өмнө амжиж дуугаа захиалаарай.
Ямар шинэ жил,цагаан сар,тэмдэглэлт өдөр,өглөө,өдөр,үдшийн мэнд байгаа биш.Ядаж байхад тэр тэг ч юу ч вэ.Дотоодын цэргийн тэг нэг зуун арван долдугаар анги гэдэг шиг л юм сонсогдов.Захиалгын дараалал ч гэх шиг.Захиалж амжихгүй бол замын түгжрэл шиг юманд ороод гацааский болох юм байна л даа ухаан нь.Дууны захиалга ихэсхээс өмнө амжиж дуртай дуугаа захиалаарай гэхэд болмоор.
-Залуу дуучин Ядамсүрэнгийн Гэрэлчулууны дуулсан "Хоймор сайхан нутагтаа"хэмээх сайхан дууг та бүхэнд зориулж байна
Хүүхдийн дуу л баймаар аян дээр Хөвсгөл нутгийн тухай дуулсан нь надад лав таалагдсангүй.Хэрвээ миний буруу байвал надад мэээдрэмж байхгүй болог.Олоод сонсоорой.Гэхдээ үүнд ФМ-ийн буруу байхгүй ээ.Мөнөөх сайхан хоолой
-Сонсогч та бүхэндээ 8 цаг тэг 47 минутын мэндийг хүргэе.
Бухимдаж сууснаас шүүмж бичих санаа төрөв.Мэнд илүү.Тэг илүү.Илүү илүү.
Радиогоор явж байгаа зарим реклам сурталчилгаа ч бас утга найруулга,логик муутай санагдсан.Авто машины нэг удаагийн даатгал Тийс гэнэ үү Кийс гэнэ үү.Та 35 хан мянган төгрөг төлөөд 800 хүртэлх мянган төгрөгийн нөхөн төлбөр авах боломжтой.Сугалаа юу?.Хонжвор уу?.Мөргөлдөөд мөнгө хожоод бай гэсэн үг үү.Мунхаг би л тэгж ухах юм байна.Элгэн нутаг ФМ тэй өнгөрүүлсэн хоёрхон цагийн паян энэ.Энэ хугацаанд хэдэн ч удаагийн тэгтэй мэнд,мэдээж,яг энэ цаг мөчид-ийг тэсч өнгөрүүлэв дээ."Элгэн нутаг" биш эх хэлний хутга радио гэж нэрлэмээр санагдсан.Хаа очиж голоор нь явдаг жижиг наргиа,онигоо,шторк хөнгөхөн ,хөөрхөн юм билээ.Ганц "Элгэн нутаг" ч биш бусад радио,телевизийн хөтлөгч,нэвтрүүлэгчдийн хэл ярианы баялаг,соёл,ур чадвар нэг л биш ээ.Гоё явах гээд алцан явав гэгчээр уран гоё ярих гэж хэтэрхий хичээснээс өөрөө ч сүүлдээ юу ярьж байгаагаа ухаархааргүй утгагүй жонхуурсан юм болдог бололтой.Хамгийн сүүлд 9 цаг тэг 17 минутын мэндээ хүргэж байхад нь мэдээж тэвчээр алдараад унтраасан бөгөөд яг энэ цаг мөчид бичээд дуусч байгаа бичлэгийг минь унших тэгтэй цаг минутын мэндийг та бүхэнд хүргэмүү.

2 comments: