Thursday, November 17, 2011

Арван нэгэн сард асгарсан "Арван нэгэн сарын бороo"




Битлз,Роллин стөүнз,Аеро смит,Секс пистолз,Пинк флойд зэрэг аваргуудын мандаж,манаргаж явсан рокн роллын алтан үед амьдрах аз бидний үеийнхэнд тохиосонгүй.Гэвч Ганзн рөүзэз,Бон Жови,Майкл лөрнс то рок,Рэд хоот чили пепэрс энэ тэрээр рок хөгжмийн мэлмийгээ нээлгэсэн нь басчиг чамлахаар тавилан бишээ.Ганзн бол эдэн дундаа яахын аргагүй аварга нь.Ерээд оны эхээр November rain,Don't cry дуунуудын клипийг Үндэсний телевиз,МТВ-гээр үзсэнээс хойш эргэлт буцалтгүйгээр энэ хамтлагийн фен болж билээ.Бүх цаг үеийн шилдэг рок хамтлагуудын жагсаалтанд зүй ёсоор багтдаг энэ домогт хамтлагийн тоглолтыг амьдаар нь үзэх хувь 11 сарын 15-ний үдэш тохиосон агаад Чикагогийн "All State" аринад Ганзны фенүүд пиг дүүрэн цугласан байлаа.Угаасаа тоглолтыг хоцорч эхлүүлдэгээрээ зартай,өнгөрсөн жил Ирландын Дублинд ерэн минутаар хоцорсоныхоо төлөө танхай,омголон айришуудад лааз,усны саваар шидүүлэн тайзаа орхиж бөөн хэл ам дагуулж хаширсан тэд энэ удаа халаалтын жижиг бэндээр үзэгчдийг цаг гаруй сатааруулж аргалав.Есөн цагт эхлэх тоглолтын цагийг уяж,үзэгчдийг саатуулсан халаалтын рокууд халаагаа Ганзнд өгөх тэр мөчид цаг 10.30-ийг зааж байлаа.Аливаа тоглолт,арга хэмжээ цагтаа эхэлдэггүй муу зуршил зөвхөн манайх ч биш бололтой.Заалны гэрэл унтарч,харанхуй дунд гитарын галзуу нүргээн хангинаж эхэлснээ галаар буудуулж сүрийг үзүүлэн Ганзн рөүзез тайзнаа гарч ирэн,элдэв оршил,өмнөтгөлгүйгээр хамгийн сүүлчийн цомогоо нэрлэсэн "Чайнез димокреси" дуугаараа тоглолтын салхийг хагалав.Залгаад "Ширэнгэнд тавтай морил"(Welcome to jungle),"Диваажингийн хот" (Paradise city)."Sweet child of mine" зэрэг шилдэг дуунуудаа ар араас нь цувуулж үзэгчдийн цөсийг хөөргөх шиг болов.
Хамтлагийн дуучин шаргал үст Аксл Рөүз нилээд хөгширсөн харагдавч хөдөлгөөн нь гавшгай,хөнгөн шингэн хэвээрээ.Аргагүй юм даа.Тавь хүрч яваа рокер шүү дээ.Хөгширөхөөс яахав.Доны хасагийн атаман мэт соёо сахал тавьж,имиж болсон улаан банда алчуур,савхин хүрэм,улаан бүрхүүлтэй микрофонтойгоо харагдана.Түүний сөөнгөдүү өвөрмөц хоолой нь сайхнаараа байналээ.1985 онд байгуулагдсан анхны бүрэлдэхүүнээс нь ганцхан Аксл л үлдсэн ч даралтат хөгжимчин,төгөлдөр хуурч Диззи Рид 90 оноос,гитарчин Крис Питман,Томми Стинсон нар 98 оноос хойш "буунуудад" яваа гэж бодохоор эд шинэ бүрэлдэхүүн бас биш юм.Хөгжмийн дуугаралт,хөгжимчдийн тоглолтонд үнэндээ өөлөх юм алга.Жинхэнэ амьд рокын амтыг тэднээс л анх удаа мэдрэв би.Дэлхий даяар 100 сая цомог борлуулж,гаргасан цомог бүхэн нь амжилт дагуулсан,алдарт Оззи Осборний хоёр дахь "Роллинг Стоунз" гэж дуу алдаж байсан "Ганзн рөүзэз" болохоор арга ч үгүй юм даа.Тайзны голд байрлуулсан төгөлдөр хуур дээр Аксл Рөүз танил дотно аяз дарж эхлэх тэр мөчид үзэгчдийн сэтгэлийн хөөрөл дээд цэгтээ хүрсэн.Энэ бол мэдээж алдарт Арван нэгэн сарын бороо.Арван нэгэн сарын бороо арван минутын турш зүсэрсний дараагаар нэг дууны хойно гитарын намуухан уянгалаг гоцлол явж эхэлсэн нь миний шүтээн "Don't cry"  байлаа.Энэ дуунд,тэр тусмаа эхлэлд нь би үйлгүй дуртай.Тэр том танхим тэр чигээрээ don't you cry гэж түрхрэн түрж байгааг сонсох юутай гайхалтай.Тоглолт шөнийн 2 өнгөрөөж өндөрлөсөн ч үзэгчдийн дунд уйдаж,туйлдаж ядарсан  хүн харагдсангүй ээ.Он цаг урсавч огтхон ч хуучирч үнэ цэнээ алддагүйгээрээ рок агуу юм гэдгийг л "Ганзн рөүзэз" хамтлагийн тоглолтоос мэдэрлээ.Тэд бол домог бөлгөө.Арван нэгэн сард асгарсан Aрван нэгэн сарын бороо аянга цахилгаан,нүргээнтэй.Тэгсэн атлаа гэнэт тэнгэр номхорч цэлмэсэн солонготой байлаа.Энэ бороо хэзээ ч үл мартагдах билээ.

No comments:

Post a Comment