Saturday, April 20, 2013

"Ноён Вүүдсоны амьдрал хэмээх 94 бүлэгт жүжиг" (Найраглал)



"Ерэн дөрөвдүгээр бүлэг" зургадугаар үзэгдэл

Эмнэлэгийн зориулалттай
Эвхэгддэг төмөр ор
Аймшгийн баярын чимэглэл
Араг яс мэт туранхай бие
Саваагүйтэж хүүхдүүд бариад чихэр тосдог
Сарвуу мэт хатингар гар
Ерэн дөрвөн жилийн биологийн урвалд
Идэгдэж,сорогдсон бие цогцос
Өвчтөнийг тойрсон
Өөд болооч хамаатнуудын сүнс
Үүдний жижүүр шиг залхуутайяа 
Үүрэглэн хүлээж суугаа эрлэгийн элч


"Нэгдүгээр бүлэг" нэгдүгээр үзэгдэл

Их хот одоогийнхоос арав дахин жижиг байхад
Ерэн дөрвөн жилийн өмнө төрсөн гэдэг
Үхлийн ханиад дэгддэг тэр жил
Үндсэндээ хүн солилцоогоор ирсэн ч байх
Цусыг нь шархтсан амьтных шиг мөрдөөд
Цувдай шувтрах мэт хөөж үзвээс
Ирландаас өлсгөлөнгөөр дүрвэсэн тариачин бүсгүй
Италиас мөрдлөгөөс зугтсан дээрэмчин залуу гэнэм
Хонгор хүү Боб минь гэж ээж нь багад нь энхрийлж
Хожим санхүүгийн пүүсэд байхад нь мистэр Вүүдсон гэж авгайлж
Үзэсгэлэнт  Мэри нь түүнийг Роберт хэмээн дуудаж
Өтөл насандаа харин  өвөө Боб болжээ
Монгол хэмээх харь хэлээр харин
Модонхүү гэж дууддагийг тэр хожим мэдэх болно

"Хорьдугаар бүлэг" есдүгээр үзэгдэл

Ноорт вээстэрний их сургууль
Номонд шамдаж дурлалд шатсан жилүүд
Үзэсгэлэнтэй залуухан Мэри бүсгүй
Үүрд дурсагдах жаргалтай мөчүүд
Мичиган нуурын цэнхэр хөвөөнөө
Мэригээ тэврээд удаан суудагсан 
Тэнгэр минь 
Тэр цагийг

"Дөчин хоёрдугаар бүлэг" долдугаар үзэгдэл

Нам гүм сайхан цаг 
Негрүүд хүртэл номхон байж
Мэри нь дугуйгаар ажилдаа жирийж
Мексикүүд ч цөөхөн харагддаг үе сэн
Алалдах  дайны айдас  мартагнаад
Арайхийж  хорвоо амьсгаа авахтай  
Элвис Пресли цэргээс халагдан урлагтаа  ирж
Эхний мэргэжлийн тулаанаа Мухамед Али рингэнд  хийж
Цэл залуухан Кеннэди ерөнхийлөгчийн тангараг өргөж
Цэцгээр юмсан бол Америк гүрэн ид дэлгэрч байсан үе
Хүүхдүүд нь гадаа тоглож
Хүрэлзгэнэ шиг энд тэнд шуугилдаад
Хөгшрөөд үхдэг Лаки нохой нь ч гөлгөн
Хөгжилтэй хуцаж тэднийг тойрон шарвагнаад
Сүүлд энэ цагийн дурсамжаар голоо зогоож
Шүүрс алдан  хэвтэнэ гэж төсөөлөө ч үгүй явсан цаг сан

"Жаран гуравдугаар бүлэг" арван нэгдүгээр үзэгдэл

Эргээс алсарсаар бараа нь тасрах хөлөг онгоц шиг
Эцэг эхээсээ хүүхдүүд нь холдсоор л байлаа
Мөндөл шиг хөөрхөн тэр жаахан амьтад
Мөнгө хүүлэгч шиг шуналын туламнууд болон хувирч
Хүнээс дутаахгүй хүсэл,эд хөрөнгө,бэртэгчин нийгэм 
Хүүхдүүдийг нь хэн болгосныг сүүлд мэдрэхүй
Үр могой шиг тэдний харцыг уншихуй дор
Үлдэх хөрөнгөө л гэрээслэх ажаамуу гэх амуй

"Далан нэгдүгээр бүлэг" есдүгээр бүлэг

Хорвоогийн аялал далан хувьдаа ороод(хэрвээ зуу насалвал)
Хүний амьдрал даанч богинохон гэдгийг мэдэрч 
Зүгээр л бурхны шоглоом гэдгийг ухаарахад
Зүсэн зүйлийн асуултууд толгойд эргэлднэ
Яах гэж?Юуны төлөө?Хэзээ?Хэрхэн?
Яах бол дараа нь?Үргэжлэл бий болов уу?

"Наян тавдугаар бүлэг" долдугаар үзэгдэл

Эцсийн ганц түүнийг хайрладаг хүн
Эмгэн нь гэнэт л сажлаад өгөв
Эрэг дээр шидэгдсэн загас шиг арчаагүй өвгөн
Хэрхэхээ мэдэхгүй цөхөрч үлдэв
Жаран дөрвөн жил ханилж
Жаргал зовлонг хувааж залгилсан юмсан
Орон гэр нь эзгүй арал шиг ханхайгаад
Орь ганцаараа Робинзон Крузо шиг хоцров

"Наян наймдугаар бүлэг" гуравдугаар үзэгдэл

Цагийн жам хойно тэнхээ доройтож
Чалх тасарч шээсний бэлчээр холдохын цагт
Асарч тэтгэх сэтгэл үр хүүхдэд үгүй хойно 
Ажил олгодог товчооноос асрагч хөлслөх болов
Хатуу гартай,чанга дуутай
Хазгай муруй англи хэлтэй
Орос польш чех филиппин
Олон шидийн гар дамжсны эцэст
Суут Чингис хаанаар төсөөлөх төдий
Сураг холын Монгол нутгийн
Амнаас унамгүй хэцүү нэртэй
Алаг нүдтэй шавилхан биетэй бүсгүй ирж билээ
Алтантуяа гэдэг нэрнээс нь халгасан өвгөн
Али гэж товчилж дуудах болжээ

Монголоор бол харин таны нэрийг
Модонхүү гэж орчуулна гэж Али түүнд хэлжээ


"Наян есдүгээр бүлэг" нэгдүгээр үзэгдэл

Алс холын тэр нутаг эндээс өөр 
Азай буурлуудаа хүүхдүүд нь асардаг гэнэ
Эх үрсийн элбэрэл хайр үүрдийн
Эд хөрөнгө ч тэгтлээ өөрчилдөггүй гэнэ
Настан өтгөсөө асарч тойлон
Насных нь бөгсөнд өргөж тэтгэдэг гэнэ
Сэтгэл гар хоёр зөөлөнтэй
Сэргэлэн цовоо хөөрхөн ааштай
Али бүсгүйн тойллогонд сэргэж
Амьдрал тэгтлээ утгагүй санагдахаа болив
Ганцаардал гэдэг л энэ амьдралын
Ганцхан том зовлон ажээ
Хүн хүнээ хайрлах сэтгэл л  
Хүйтэн орчлонг бүлээцүүлдэг ажээ

"Ерэн гуравдугаар бүлэг" эхний үзэгдэл

Хэсэгхэн амталсан хайр халамж 
Үүлэн чөлөөний нар байж
Хэдхэн жилийн амар амгалан
Үхлийн өмнөх амирлал байж
Өвчтэй ааваа тойлохоор Али нутаг буцахад
Өвгөн аанай л  өнчирч үлдэв
Алаг нүдэндээ дүүрэн нулимстай 
Али бүсгүйн ард хаалга хаагдахад
Энэ хаалгатай цуг хайр халамжийн хаалга
Эгнэгт өмнө нь  хаагдах шиг өвгөнд санагдав

"Ерэн дөрөвдүгээр бүлэг" сүүлчийн үзэгдэл

Сүүлчийн мөч иржээ 
Цаг болж
Сүмийн хонхны дуу 
Цангинана
Ахархан атлаа зовлонтой урт амьдралаас
Арайхийж нэг буцах мөч ирж
Үхлийг тэр яг хүлээсэн амраг шиг
Үхтлээ хүлээсэн баярт мөч шиг
Удаан чилийлгэсэн унаа  шиг
Учиргүй их хүлээсэн байжээ
Сүүлчийн амьсгал хоолой дээр гацаж
Сүнс нь алгуурхан гадагшилж эхлэв
Зүрх хөшиг мэт хаагдахад
Жүжиг мэт амьдрал  төгсөв

Роберт Вүүдсон (1918-2012)





































No comments:

Post a Comment