Манайхан бүгдээрээ л том ах том ах гэлцэх.Нээрээ л нэрэндээ таарсан том ах сан.Том биетэй болохоор нь тэгж нэрлэсэн байж мэднэ.Арван хүүхэдтэй айлын ууган нь болохоор тэгсэн ч юм уу.Юутай ч л бие хаа,эрэмбэ зиндаа,ажил үйлс аль ч талаас нь харсан том явсан эр.Цэрэг шинелиэ цэмцийтэл өмссөн цэх шулуухан төрх нь түүнийг уулын ургаа нарийн хар мод лугаа харагдуулна.Зангаар ч ширүүн,зангарагаар ч бас том.Мань мэтийн нусан чавхнууд бол Жаажийг Том ахад чинь хэлнэ шүү гэж далайлгахад л жижиг авна.Жааж гэдэг нь миний ч мань эрийн ч эмэг хөгшин.Хэн хэн маань гар дээр нь өссөн ч мань хөгшин том ахад төрсөн гурваасаа ч илүү амь тавина.Юм л бол Лхамжав минь тэгээд Лхамжав минь ингээд гэж сайрхаж суух.Улсдаа ганцхан цэргийн госпиталын гэмтлийн тасгийн эрхлэгч,амьтан хүн хөл алдаж гүйсэн алтан гартай эмч,цэргийн хурандаа хүүгээрээ гайхуулахгүй юм бол юугаараа ч гайхуулах билээ дээ мань хөгшин.