Saturday, June 11, 2011

Америкийн нийгмийг өөрчилсөн гангстерууд


Балмад явдлаар баатар болдоггүй гэсэн монголчуудын үгийг Америкийн домог болсон гангстерүүдын алдар үгүйсгэх мэт.Жон Деллинжер,Ал Капоне,Лаки Лучиано,Мэйр Лански,Багси Сигел мэтийн хүнд гаруудын алдар цаг хугацааны уртад бүдгэрэлгүй тэдний тухай ном зохиол,кино ший гарсаар,хүмүүс тэдний тухай үүх түүхийг сонирхсоор байгаа нь үүний илрэл гэлтэй.Залуу үеийнхний хувьд тэд муу муухайгийн үлгэр гэхээс илүү адал балмад явдал,эр зоригийн илэрхийлэл болдог гэхэд хилс болохгүй бизээ.
Цаг хугацаа хэмээх шүүхээр хэдийнэ таслагдаад,үйл лай,үүрэх ялаа дуусгасан тэднийг бол би үзэн яддаг ч үгүй.Бас тэднээр бахархдаг ч үгүй.Аллага хүчирхийлэл,айлган сүрдүүлэлт,авилга хээл хахууль,хулгай дээрэм,хууль бус наймаа гээд аль болохгүй,бүтэхгүй юмыг хийж явсан тэднийг цагаатгах арга үнэндээ байхгүй.Харин гагцхүү түүх талаас нь сонирхдог.Чикагогийн баруун талын дагуул хот Сисерогоор дайран өнгөрөх бүрт Капонегийн бужигнуулж явсан энэ жижиг хот нэг л өнгөгүй,бүрсгэр харагддаг.Цагтаа хөгжин цэцэглэж асан энэ хотын хувь заяаг гангстерууд баллаж орхисон нь энэ.Оршин суугчид нь мафийн хөлөөс дайжин нүүж,тэдний үлдээсэн орон зайг хууль дүрэмд захирагдах дургүй,танхай харууд ирж эзэлснээр Сисеро уруудаж доройтсон гашуун түүхтэй.Капоне өөрийнхөө талын хүнийг ялуулахын тулд өрсөлдөгчдийг нь дарамтлах,дэмжигчдийг нь саатуулах зэрэг элдэв башир арга хэрэглэн 1924 онд болсон Сисеро хотын захиргааны сонгуулийг будлиантуулсан нь хамгийн хууль бус сонгуулиудын нэг болон Америкийн түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.Түүний бужигнуулж явсан дош Чикаго хотод Капонегийн зураг хөрөг бүхий сувинер сэлт бэлэг дурсгалын дэлгүүрээр дүүрэн байх төдийгүй гангстер тур хэмээх аялал хүртэл бий.Капоне болон гангстерууд нэг ёсны Чикагогийн брэнд болсныг эндээс харж болно.Нью-Иоркын Брүүклинд Итали цагаачийн гэр бүлд төрж тухайн үедээ Америкийн мафи,гэмт хэргийн үүр уурхай болж байсан Нью-Иорк хотын гудамжинд ирээдүйн их үйл хэрэгтээ бэлтгэгдсэн Ал Капоне 1923 онд Чикагогийн мафийн босс Жонни Торpиогийн заллагаар "салхит" хотноо хөл тавьсан байдаг.Тухайн үед хүн ам олноор суурьшсан Чикагогийн хойд хэсэгийг Дин О'Банион тэргүүтэй ирландын мафи гартаа атгаж байсан нь архи,виски хууль бусаар наймаалах нөлөөгөө тэнд тогтоох гэсэн Торрио,Капонегийн зам дээр хөндөлсөх болсноос үүдэн хоёр мафийн хооронд тэмцэл эхэлсэн гэдэг.Дин О'Банион 1924 онд алагдаж Жонни Торрио эрх дархаа түүнд шилжүүлэн өгөөд Итали руугаа буцснаар Чикагод хаанчлах А.Капонегийн үе эхэлжээ.Гэвч ирландууд өс хонзонгоо авахаар удаа дараа оролдож байсан ба 1926 оны 9 сарын 20 нд "Хоторн"зочид буудалд Капонегийн амь насанд халдсан ч амжилтгүй болжээ.Үүнээс 3 жилийн дараа итали эр хариуг нь ирландуудад хатуухан барьж Гэгээн Валентины баярын өдөр айришуудын мафийн  нөлөө бүхий долоон гишүүнийг хөнөөсөн нь "Валентины өдрийн аллага "нэрээр алдаршжээ.Итали эрийн нөлөө улам өргөжиж тухайн үед Америкийн 36 мужид мөрдөгдөж байсан архи,дарс худалдахыг хориглосон хуурай хуулийг ашиглан хууль бусаар архи,виски худалдаалан мөнгө хийж байлаа.Түүний мафи жилд 100 сая доллар олж байсан нь тухайн үеийн ханшаар асар их мөнгө юм.Капоне тухайн үед Чикаго хотын  захирагч байсан Вильям Томпсонг авилгаар хахуульдан нэр нөлөөг нь ашигладаг байсан бөгөөд 1944 онд хотын даргыг нас барахад сеифнээс нь 1.5 сая доллар бэлнээр гарсан гэдэг.Алдарт Ал Капоне аллага,дээрэм,хүчирхийлэл гээд үйлдсэн үй олон гэмт хэрэгтээ бус такс төлөөгүй буюу орлогоо нуун дарагдуулж,татвараас зайлсхийсэн шалтгаанаар буруутгагдан яллагдсан нь хачирхалтай.Ер нь 1920,30-аад оны мафи,гангстерууд тодорхой хэмжээгээр Америкийн нийгмийг өөрчилсөн нь гашуун ч гэсэн үнэн юм.Дэлхийн зугаа цэнгэлийн нийслэл гэгддэг Лас-Вегас хотын автор нь гангстер Багси Сигел байсан нь үгүйсгэхийн аргагүй үнэн.Архи дарс худалдаалахыг хориглосон амьдралаас тасархай хуурай хуулиа хууль бусаар худалдаалан асар их ашиг орлого олж байсан мафиудыг шахахын тулд цуцалж, авилгал хээл хахуульд бялуурсан шүүх,цагдаагийн байгууллагадаа цэвэрлэгээ хийн шинэчилж,Лас-Вегасыг мафиудаас салган хөгжүүлсэн түүхтэй.Хэрвээ Лаки Лучианногийн санаа биелэлээ олж  1950 оны үед Куба Лас-Вегас шиг казино,мөрийтэй тоглоом,зугаа цэнгэлийн зам руу орсон бол эрх чөлөөний арлын ирээдүй ямар байх байсныг өнөө таахын аргагүй юм даа.Цуутай гангстерүүдийн нэлээд нь алагдсан байдаг ч Фрэнк Костелло,Лаки Лучианно,Мэйр Лански,Вито Геновеси нарын олон босс урт удаан насалж хорвоогийн жамаар төгссөн байдаг.Америкийг цагтаа бужигнуулж явсан гангстерүүдийн тухай товч дурсахад ийм буюу.

No comments:

Post a Comment