Friday, May 13, 2011

Зүрхнээс аргамжаатай,зүүднээс уяатай адуу,нутаг хоёр минь (Холбоо нийтлэл)


Дэлтэй хийморь

Адуу гэдэг амьтныг яг хэзээ анх харснаа би санадаггүй.Хөлд орж тэнтэр тунтар алхахуй цагт зэлэн дээр цовхчих унага,шон дээр үүргэлэх морь ч юм уу эсвэл зэрэглээн дундаас тодрон тодрох морьтой хүний бараа,эдгээрийн аль нэгийг л анх харсан байж таарна.Харин хөл хөнгөнтэй номхон бор мориныхоо нуруун дээр анх гарч морьтон болсноо санахыг бодоход тав,зургаатай л байсан юмдаг уу.Бага насны минь дурсамжийг адуу гээч тэнгэрлиг амьтан туурайгаараа арилашгүй тамгалжээ.Хорин Үйзэнгийн толгод дунд хүүхэд нас минь хүлгийн зоон дээр дарцаглаж өнгөрч.Манайх хэзээнээсээ сайн азарга адуутай,зундаа дөрөв,таван унага тогтмол дүүжилдэг айл.Наадам дөнгөж өнгөрүүт л амьтны түрүүнд гүүгээ барих.
Айрагийн хөрөнгө залах гэж бидон сав харжигнуулсан улс тэгсгээд л манайх руу цувж гарна даа.Цөөхөн гүүний шавхуур айраг болоод ч тэр үү манай айраг Хорин жасын хонхортоо сайхнаараа алдартай.Үнэгэн харанхуйгаар хөхүүрт шуугих айрагнаас хоёр хулыг залгилчихаад,уурга суналзуулан адуундаа давхиж явах ч айдаа эр хүний жаргал.Морь уургална,бугуйл хаяна гэж нэг хэнээ байдагсан багад.Зунжингаа л уурга тагнайлдаж,нааж,залгана.Түүнийгээ төдхөн л хугачичхаад бургас зорж суудагсан.Үрээ дааганы цээж авч,хөнгөн хөлтэй морь тасдан зэм хүртэж,адуунд уурга чиргүүлж,мориноос унан газрын чийг үзэж явсан паян ч мундахгүй их бий.Багадаа мориноос унаж гараа хугалснаас болоод хурдны нуруун дээр харин гараагүй ээ.Манайх уг гарвалаараа бол Дундговийн Гурвансайхан,Дэрэн чигийн айл.Нагац ах маань сургууль төгсөөд Сайнцагаан сумын Үйзэн бригадад малын эмчээр томилогдон Жааж маань хүүгээ бараадан хэдэн малтайгаа нүүж ирээд энэ хонхортоо шингэсэн түүхтэй.Жааж гэдэг маань ээжийн маань ээж,намайг өсгөж хүмүүжүүлсэн хөгшин.Тайж язгуурт баян айлын ганц охин,нэгдэлд малаа гурван удаа нийгэмчилж хураалгасан гэж ярьдагсан.Наян тав хүрээд тэнгэрт хальсан даа Жааж минь.Нагац ах маань морь мал гэхээсээ сааль,сүү гэх адуунд даанч сүжиггүй нөхөр байх.Ямар сайндаа л манай хонхорынхон Эрдэнэ-Oчирт далавчтай морь байгаад ч нэмэргүй гэж ярихав дээ.Зөв талын гуян дээрээ ланзан тамгатай, боржигон чигийн угшилтай,чанартай цөөвтөр адуутай айл байлаа манайх.Дээхнэ үедээ бол хурдтай байсныг гэрчлэх үнэмлэх сэлт цөөнгүй байх юм билээ.Нэг удаа айлын гэрийн найранд унаж явсан хул морио дүүгээрээ унуулаад уралдуултал түрүүлээд ирж байсан зэргийг бодоход хоосонгүй адуу байсан болов уу.Тэр хул морь маань шүдлэндээ аймагт айрагдаж байсан адуу юм.Сургууль соёл,ажил амьдралын мөр хөөсөөр унаган адуугаа уралдуулж,хурдлуулах боломж хараахан гарсангүй дээ.Адуу ухаантай амьтан гэдгийг надад мэдрүүлсэн нэг явдал арав гаран настайд тохиолдож билээ.Тэр жилийн хахирган хавар миний ноолж өссөн номхон хөгшин алаг морь тэжээл идээд гадуур байлаа.Гэтэл нэг өдөр тэжээлдээ ирсэнгүйд ах
-Өеөдөж унаад босч чадагүй болох шиг боллоо.Чадвал босгоод,чадахгүй бол хэрээ шувуунд нүдийг нь ухуулснаас амыг нь барьчихаад ир гээд намайг явуулав.Модотын зооны дэрстэй хонхорт муу алаг морь минь талаараа тэлчилж байна.Бөгснөөс нь дэмнээд босгоход урд хоёр хөл нь сөхөрч унаад болдог юм биш.Сүүлдээ чадал барагдаж цөхрөх,морио өрөвдөж хайрлахын эрхэнд уйллаа.Тэгэхнээ алаг морь минь тунгалаг хар нүднээсээ том том нулимс бөмбөрүүлэн надтай цуг бас уйлж байдаг байгаа.Адуу ухаантайгаар тогтохгүй энэ ухаант адгуусыг дагасан эр хүн амьдрал хэмээх хангалын хүзүүнд уурга тавихааргүй сэтгэлийн бядтай,ноён нуруутай хүн болж төлөвшдөгийг хүндэлж явдаг ах нарын маань зам мөр баталдагаа.Дундговь аймгийн Луус сумын малчин МУМУ Д.Эрдэнэчулуун,мөн сумын малчин аймгийн алдарт уяач Б.Чулуунбаатар,Д.Доржпүрэв гээд адуугаа л дагаж,адуугаа ярьж,морио уяж, жаргаж суух гүндүүгүй гурван монгол байх.Энхэлтэй донхолтой амьдралын замд гээгдэлгүй шигшигдсэн ээж,аавын минь найзууд юм тэд.Өнгөний хорвоод толгой болгон төөрч,мөнгөний өмнө алга бүхэн тэнийдэг болсон энэ цөвүүн цагт мөс чанар,ёс жудаг,итгэл үнэмшилээ мөнгөөр арилжилгүй дээдсийн алтан нутагтаа дэлтэй бурхан адуугаа адуулж,ажил үйлс нь хүлгийн хийморь лугаа босоо явдаг тэднээр би бахархдаг.Д.Эрдэнэчулуун ахыг улс,бүсийн наадмуудаас айраг,түрүү түүдэг хөдөөний хөх уяач гэдгээр нь монгол даяар мэднэ.Түүнийг тэр жил төрийн их наадамд бүлтэн хар морио түрүүлгэхэд нь баярын магнай чухам нэг хагарч билээ.Нүүдэлчний араншин хэмээх сайхан баримтат киног үзэхэд л түүний ертөнцөд шагайх мэт болох бөлгөө.Б.Чулуунбаатар гэж  барилдсан бол лавтай аймгийн цолонд хүрэхээр зузаан улаан эр.Эр хүний ноён нуруу,төлөв түвшин,гүдэсхэн зан гээд одоо үед мазаалай шиг ховордсон чанаруудыг Чук ахаас л олж харна. Хэрвээ хүн төрөлхийн араншин,мөн чанараа сольж өөрчилж болдогсон бол би хувьдаа лав Чук ахын сайхан чанаруудыг эргэлзэхгүйгээр өөртөө шингээнэ.Түүний тухай хөгтэй ч гэх үү нэг дурсамж санаанаас огт гардаггүй юм.Цагаан сарын дараахан л юмдаг.Нэг өдөр хичээлдээ явж байгаад 2-р сургуулийн наахантай Сайнцагааны хөөрүү хэмээх Ганзориг гуай тэр хоёр хөх 72-той нэлээд халмаг явахтай тааралдлаа.Бороохой хочтой онгиргондуу цагдаа тэр хоёрыг зогсоочихсон,журамлах юм яриад дүрэмдэж гарч байнаа.Чук ах
-Монголын ёс байна.Ах нь эхлээд энэ хүүхэдтэй тохой зөрүүлээдхэе.Дараа нь тэр хэлтэс рүү чинь явья гээд надтай золгох гэтэл нөгөө цагдаа түүнийг улаан хамбан дээлийнх нь заамаар боож сүржигнэдэг юм.Мань эрийн царай минчийтэл хүрэнтэж байснаа тэсвэрийнх нь хүлээс алдуурав бололтой өнөө цагдааг барьж аваад ганцхан тонгорчихож билээ.Хэлье ярия гэснээ хэний ч өмнө хэлэх,хүнийг баян хоосон,дарга цэрэг гэж алаг үздэггүй шаагиж шуугисан шар нөхрийг бол Д.Доржпүрэв гэдэг юм.Дож гэж дуудацгаах түүнийг.Дож Их хурд уралдаан-2 болон бүсийн наадмуудад хэд хэд айрагдсан хурдан бөмбөг халзан мориор нь хүмүүс андахгүй Д.Балчинпүрэв агсны төрсөн дүү юм.Аймгийн цагдаагийн том дарга тэргүүтэн хэсэг улс Дожийнд дөрөө мулталж нэг удаа.Хоол хош болохын үест Дож
-Машинд байгаа хүнээ дуудаач.Цай унд амсуулая болсон юм байх.Тэгтэл нөгөөдүүл нь
-Аа нэг муу малын хулгайч бариад явж байгаа юм.Сууж л байг гэлцэхэд адилхан монгол улсууд байна даа та нар чинь.Тэгж яаж болох юм,оруул гэж эгдүүцсэн гэдэг.Жоохон юм шиг санагдах энэ явдлаас түүний "том" чанрыг олж харж болно.Өөрийнхөө нэрний хөл хөнгөнтэй зээрд морио эмээллэж унан шавайгаа ханатал давхиж аваад адуут нутгаа орхиж гарснаас хойш арван он хэдийнээ улирчээ.Хүний нутагт явахад адуу зүүдэнд янцгааж,айраг бодолд шуугина.Хурдны өлгий нутаг Төв аймгийн Баянцагааны уугуул Ч.Гансум гэж бас над шиг морины өвчтэй залуутай танилцаж сайхан нөхөрлөсөн юмсан энд.Адуугаа ярьж,монголоос захиулж авчруулсан наадмуудын морины бичлэгээ үзэхдээ айрагны оронд шар айраг сөгнөн хэрэндээ л ёс төр бoлнoo бид хоёр.Арлингтон парк гэж Чикагoгийн морин тойруулгад очиж морин уралдаан үзэн халхын том уяачид шиг морь шинжин ярилцан тэрүүхэндээ хөөрцөглөнө.Найз маань хоёр жилийн өмнө адуугаа зүүдэлж,адуугаа санахын эрхэнд адуу шиг нутаг руугаа гүйсэнсэн.Адуугаа сэлбэн энд тэндээс хурд цуглуулж аймаг,сумынхаа наадмаас айраг түрүү авдаг уаяч болсон дуулданалээ.Хааяа нэг утсаар ярихад адуун дээрээсээ ирлээ гэх.Дэлтэй бурхан адууны босоо цагаан хийморь найзыг минь ивээж том наадмын айрагаа удахгүй амсана гэдэгт итгэдэгээ.

Өөрийн нутаг


Өндөр дээр гараад харахад
Өөрийн нутаг харагдаад байна
Өндөр дээрээс буугаад ирэхэд
Өвөр дүүрэн нулимастай гэж Өлзий-Орших гавьяатыг гэгэлзтэл дуулахад өр өвдөж өрцөн цаана хөндүүр оргино.Өөрийн нутаг минь өндөр дээрээс хараа сунгаад ч үл харагдах өргөн далайн чинадад бөлгөө.Нутаг минь.Нууж унагасан нулимс минь.Бурхнаас чинийх гэж оноож,буузан бойтогныхоо мөрийг шороон дээр нь барлан минийх хэмээн тамгалсан нутаг ус минь. Ерөөс ертөнцөд өөрийн гэж оноосон бүхнээ илүүтэй санаж санагалздаг нь амьтны араншин юмсан уу.Хаврын сар гарч урины амьсгал оруут л хачин ихээр нутгаа санах.Алтай шиг сүрлэг уулс,арын өврийн хангай шиг алагласан цэцэгс,атганд унадаг жимс,Орхон,Сэлэнгэ шиг халгиж цалгисан их усан үгүй ч нутгийн минь намхан бор толгод надад юунаас ч илүү үнэтэй,эрхэм дотно санагдах нь өнөөх л өөрийнх гэж өмчилсөнийх билээ.Дундговийнх гээд хэлчихвэл дуул хэмээн шахуулдаг дуу хуур,айраг найрагийн орон Дундговь миний нутагаа.Аймгийнхаа 60 жилд зориулсан бичлэгээ С.Пүрэвсүрэн гуайн сонинд нийтлүүлэхээр орхиод арваад жилийн өмнө нутгаасаа гарсан юмсан.Ажил,амьдрал хэмээх алаг,эрээн бөмбөгийг элдсээр арайхан л очиж амжаагүй л явна.Гэвч нутаг минь үргэлжид зүрхнээс аргамжаатай,зүүднээс уяатай явах юм даа.Г.Олзгэрэлийг начин болоход нэг их баярлаж,Пүүжээгээ Өсөхөө аваргаар даваагаа ахиулж харцага цолонд хүрэхэд нь бүр ч их хөөрч,хүндэлж явдаг эрхэм ах,хөдөөний хөх уяач Д.Эрдэнэчулуун Бүлтэн хар морио төрийн их наадмын их насанд түрүүлгэхэд баярын магнай ганц хагарч билээ.Хүний нутагт үндэстэй бүхэн цэцэглэсэн сайхан хавар болж байхад Мандалговийн маналзсан шороон шуургаа үгүйлж суух нь нутгаа санаж гансарсан сэтгэлийнх буй за.Бас өчнөөн хоногоор асгарч амьтанд адлагдсан энэ их бороог болдогсон бол нутагтаа оруулахсан гэж адгана.Интернетээр Дундговийн тухай сонин юу байна,С.Пүрэвсүрэн гуай шинэ юм бичиж үү гэж хайна.
Сайхан эх нутаг минь
Санаа бодлын нутаг минь
Хүслийн цэнхэр алсаас
Хүрээд заавал очино доо
гэж элэг эмтэрч,санасан сэтгэлийн жолоо эргүүлэн алдтал дуулна.Нэг л өдөр очино доо очино. Ботгондоо тэших ингэ шиг,ижийдээ яарах хүү шиг,нуураа тэмцэх шувуу шиг,нутагтаа гүйх адуу шиг очиноо.Санаж тэмүүлэх,зориод очих сайхан нутагтай хүн дээ би.

4 comments:

  1. Сайхан бичжээ. Баярлалаа

    ReplyDelete
  2. Bayarlalaa Dendevee.Uramiin saihan ug helsend.

    ReplyDelete
  3. uneheer goyo,,, neeree l manarsan ulaan shoroog ni hurtel sanah yum

    ReplyDelete