Wednesday, April 13, 2011

Авилгачин ард түмэн авилгачдыг төрүүлдэг

Луйварчид,хувалзаараа дуудуулан мөн ч их хараалгах юм даа муусайн олигархууд минь.Ам нь мангас мэт агуу,гэдэс нь бирднийх шиг,ханаж цадахаа мэдэхгүй энэ гахайнууд ер нь хаанаас гараад ирсэн юм бэ ингэхэд.Дэлгэсэн тэрлэг шиг эх оронд минь тэд лав саран дээрээс буугаагүй.Газар эхээс цэцэг шиг ургаагүй.Олигархуудыг Монголын ард түмэн бид өөрсдөө төрүүлж,өсгөж бойжуулсан.Монголчууд бид хэзээнээсээ авилгач ард түмэн билээ

.Бидний мэдэх хамгийн анхны авилга бол Тэмүүжинээс Тоорил хаанд барьсан хар булган дах байх.Сор нь гялалзсан тэр сайхан амьтаныг чинь хараад хэний ч шунал хөдлөж авдаг юм байгаа биз дээ.Шарын шашин орхимжоо намируулан Монголд орж ирэх үед Далай лам,Банчин богд тэргүүтэй Төвдийн шашны эрхтнүүд манай хаад,ноёдыг цол хэргэмээр цаламдан талын нүүдэлчдэд шашнаа шахсан түүхтэй.Зүгээр байж байтал нэг элч давхиж ирээд л 
-Тан дор Түмэн засагт хаан цол шагналаа гэхэд хэн чиг уярнаа даа.Тэгээд алгаа хавсран
-Шарын шашны төлөө зүтгэе гэж хэлнээ дээ.Хүний тэр сайхан цолыг авсан хүн чинь.
Монгол хүний албан тушаал,эрх ямба,эд агуурсанд нугасгүй занг манжийн төр даанч нэг сайхан хараатай ашиглаж халхын ноёдыг цол хэргэм,отго жинсээр урхидсан байдаг.Энэ үед зэрэг нэмж чулуун жинс авахын төлөө сууриар хонио,сүргээр бодоо тууж,биенээсээ өрсөн манжуудад есөн цагааны бэлэг өргөдөг байж.Хятадын пүүстэй нийлэн хошуу хотлоо мөлжиж байсан ноёд,феодалууд ч олон байжээ.Богд хаант Монгол улсын үед ч авилга ид цэцэглэн хөгжиж байлаа.Ямар олигтойдоо л Уут уут мөнгөөр улсаа худалдсан сайдууд гуай гэж дуулав гэж дээ.Болдогсон бол дэнс дэнс мөнгөөр дэлхийг хүртэл харь гаригийнханд тохиролцоод зарж чадах нөхдүүд зөндөө байсан хэрэг.Социалист Монгол авилгаас ангид  байгаагүй ч арай хямгатай,далд хэлбэрээр оршиж байсан нь бидний сайных бус тухайн нийгмийнх нь тогтолцоо,дарамт тийм байж.Ардчилсан хүмүүнлэг нийгмийг сонгосон 90 он,авилгын алтан үе эхэлсэн огноо хоёр давхцдаг нь зүгээр тохиодолын хэрэг биш юм.Ийнхүү бид ардчилал болон авилгалын замаар 20 жилд амжилттай замнажээ.Авилга бидний амьдралын салшгүй нэг хэсэг,эс ширхэг болтлоо хөгжсөн байна.Шат шатаараа,мөнгөн дүнгээрээ л ялгарахаас бус монголчууд бид бултаараа авилгачид.Сонгууль болохоор нэр дэвшигчид гарын бэлэг нэртэй авилгал тараана.Түүнийг нь алгаа тосч авсан иргэд сонгуулийн хуудсан дахь нэрийг нь дугуйлна.Дараагийн сонгуулиар тэр товаришийг өшиглөллөө ч өөр Санта Клаусууд гараад л ирнэ.Муусайн олигархууд гэж шүд зууж байгаа нөхөр олигарх болохгүй байх магадлал,авилгач нөхрийн авилгаас татгалзах магадлалтай яг тэнцүү.Монголчууд бидний үзэл бодол,итгэл үнэмшил хэн ч юугаар ч арилжиж авч болохуйц хямдхан байгаа нь авилга соёолох амтат хөрс болж байна.Авилгаас яаж салах вэ? гэж үү.Авилгачдад юу ч битгий хялайлга.Мөнгийг нь аваад өөр нэр дугуйл.Өлсгөлөн,ядуу,нэрэлхүү сэтгэлгээнээсээ бүгдээрээ салахыг хичээе.Ийм аргаар л авилгын торны нэхээсийг алгуурхан хөвнө.Авилгачин бус ард түмэн л авилгач бус төрийг цогцлооно.

No comments:

Post a Comment