Sunday, April 1, 2012

Мэдээжийн юмыг мэдээгүй толгой буюу "Элгэн хутга" ФМ 96.9




Aндрoид утсан дээрээ татаж суулгасан "Элгэн нутаг" FM радиогоо асаалаа.Эх оронд маань нэгэн гэгээн өглөө эхэлж байгаа бололтой.Хөтлөгч бүсгүй ялдамхан хоолойгоор
-За энэ бол мэдээж "Элгэн нутаг" ФМ 96.9
Мэдээж нь ч юу чив дээ.Муухан мушийв.
-Мэдээж яг энэ цаг мөчид эх оронд маань 8 цаг 13 минут айлчлан ирээд байнаа.Өнөөдөр бол мэдээж Дөрвөн сарын нэгэн инээдмийн баярын өдөр.
Бухимдалын утаа уугиж эхлэв.8 цаг 13 минут айлчлан ирээд байх даа ч яахав.Ямар нэгэн улирал,аль нэг улсын ерөнхийлөгч,усны шувуу,холын зочин,өвлийн өвгөн биш дээ.Хоёр мэдээж нь эгдүү хүргэсэн ч маргааш дөрвөн сарын нэгэн гэдгийг (Манай энд цагийн зөрөөтэй) сануулсан болохоор нэг мэдээжийг нь нэг удаа өршөөн хэлтрүүлэв.

Wednesday, December 21, 2011

Хайрхан уул



Алтан нутгийн минь авъяаслаг залуу хөгжмийн зохиолч СТА Б.Эрдэнэбаяр хүүхэд ахуй цагтаа бичсэн "Хайрхан уул" шүлгэнд минь аялгуу оруулж дуу болгон амьдруулжээ.Энэхүү дууг Дундговь аймгийн Төв Халхын Дуулалт Театрын гоцлол дуучин CTA Төмөр дуулж олны хүртээл болгосон аж.Монгол хүн бүрт сэтгэлдээ сүслэн дээдэлж залбирч явдаг "Хайрхан" байдаг.Moнгол орныхоо сүрлэг уулс,тахилга сүлдэт овоо,хайрханы зургуудаар чимэглэж дуугаа youtube дээр орууллаа.Таалал орших болтугай.


Monday, December 12, 2011

Хэрвээ би гахай байсан бол




Заримдаа надад нээх утгагүй тэнэг тэнэг бодол төрдийн.Өнөөдөр л гэхэд юм юманд сэтгэл чилүүрдсэн хүн төрөлтөн байснаас гахай байсан нь дээр санагдаад.Тэгээд ургуулаад бодлоо.Би ер нь ямаршуухан гахай байх нь вэ,миний гахайны амьдрал ямар байх болоо гэж.Мэдээж би эрэгчин гахай байж таарна.

Tuesday, December 6, 2011

Цэцэгс амархан хагдардаг,харин хогийн ургамал амь бөхтэй



Арав гаран жилийн өмнө юмсан.Зүдүүхэн цагийн ядуу оюутан явлаа.Тарчигхан оюутны байрандаа шуугиантайхан суудаг байлаа бид.Утга зохиол,сэтгүүлийн ангийнхан болохоор дэврүүхэн гэж ч жигтэйхэн.Шүлэг зохиолоо шүлс үсэргэн уншицгааж,шөнийн дэлгүүр рүү ганц юманд харайж,жижүүр авгай нарыг найрч явсан үеээ одоо санахад дурсамжтай ч гунигтай ч юм шиг.Манай тасагаар "том" зохиолчдын десант байсгээд л бууна.Том зохиолчид гэдэг нь тухайн үед уран бүтээлээрээ олонд танигдаж 90-ээд оныхноосоо ялгарч эхлээд байсан Ж.Болд-Эрдэнэ,Ш.Уянга,T.Содномнамжил тэргүүтэй хэсэг найрагчид.Бас тэднийг дагалдан баясч ч гэх үү эсвэл дагуулан явж нэр нүүрийг нь ашигладаг ч гэх үү хэсэг нөхөд ёс юм шиг хамт явах.

Monday, November 21, 2011

Эрээнтний эхнэр (фельетoн)



Хэрэг явдал ингэж эхэлж.Саявтархан Балдан гуай Галдан гуайн залуу сайхан эхнэрийг 500 мянган доллараар хуадалдан авчээ.Эхнэрийн хишиг(эх орны биш шүү) гэж Галдан сая саяаар нь ойрын хүрэээний улсад мөнгө тараасныг миний энэ муу хоёр цийлгэр нүгэл,шунал хурааж харсаан гэж нэгэн баттай эх сурвалжаас мэдээлж байна.Энэ хоёр Монголд сүүлийн үед дэлгэрээд байгаа "эрээнтний "наймаа гээчийг хийсэн болтой юм.Эрээнт гэж улаантан,цагаантан гэдэгтэй утга дүйх үг биш.Хятадын Эрээн хот энд бүр ч падлийгүй.

Thursday, November 17, 2011

Арван нэгэн сард асгарсан "Арван нэгэн сарын бороo"




Битлз,Роллин стөүнз,Аеро смит,Секс пистолз,Пинк флойд зэрэг аваргуудын мандаж,манаргаж явсан рокн роллын алтан үед амьдрах аз бидний үеийнхэнд тохиосонгүй.Гэвч Ганзн рөүзэз,Бон Жови,Майкл лөрнс то рок,Рэд хоот чили пепэрс энэ тэрээр рок хөгжмийн мэлмийгээ нээлгэсэн нь басчиг чамлахаар тавилан бишээ.Ганзн бол эдэн дундаа яахын аргагүй аварга нь.Ерээд оны эхээр November rain,Don't cry дуунуудын клипийг Үндэсний телевиз,МТВ-гээр үзсэнээс хойш эргэлт буцалтгүйгээр энэ хамтлагийн фен болж билээ.Бүх цаг үеийн шилдэг рок хамтлагуудын жагсаалтанд зүй ёсоор багтдаг энэ домогт хамтлагийн тоглолтыг амьдаар нь үзэх хувь 11 сарын 15-ний үдэш тохиосон агаад Чикагогийн "All State" аринад Ганзны фенүүд пиг дүүрэн цугласан байлаа.Угаасаа тоглолтыг хоцорч эхлүүлдэгээрээ зартай,өнгөрсөн жил Ирландын Дублинд ерэн минутаар хоцорсоныхоо төлөө танхай,омголон айришуудад лааз,усны саваар шидүүлэн тайзаа орхиж бөөн хэл ам дагуулж хаширсан тэд энэ удаа халаалтын жижиг бэндээр үзэгчдийг цаг гаруй сатааруулж аргалав.Есөн цагт эхлэх тоглолтын цагийг уяж,үзэгчдийг саатуулсан халаалтын рокууд халаагаа Ганзнд өгөх тэр мөчид цаг 10.30-ийг зааж байлаа.Аливаа тоглолт,арга хэмжээ цагтаа эхэлдэггүй муу зуршил зөвхөн манайх ч биш бололтой.Заалны гэрэл унтарч,харанхуй дунд гитарын галзуу нүргээн хангинаж эхэлснээ галаар буудуулж сүрийг үзүүлэн Ганзн рөүзез тайзнаа гарч ирэн,элдэв оршил,өмнөтгөлгүйгээр хамгийн сүүлчийн цомогоо нэрлэсэн "Чайнез димокреси" дуугаараа тоглолтын салхийг хагалав.Залгаад "Ширэнгэнд тавтай морил"(Welcome to jungle),"Диваажингийн хот" (Paradise city)."Sweet child of mine" зэрэг шилдэг дуунуудаа ар араас нь цувуулж үзэгчдийн цөсийг хөөргөх шиг болов.

Wednesday, August 24, 2011

Хагацаж чадах уу?



Наадам руу назгайрлаа чихэн залхуурч суух хооронд минь шоргоолж шиг хөдөлмөрч уран бүтээлч,дуучин Д.Болд шинэ дууг минь өлгийдөж авчээ.'Хагацаж чадах уу" нэртэй энэ дуу удахгүй дэлгэцнээ гарах "Учиртай гурав" киноны дуу болсон аж. http://news.gogo.mn/r/92582 Өчүүхэн миний шүлэг их Д.Нацагдоржийн алдарт зохиолоос сэдэвлэсэн уран сайхны киноны дуу болсонд ихэд бэлэгшээж байна.Бүтээлээ олонд хүргэж түүнээсээ урам зориг,онгод авдаг уран бүтээлч хүний хувьд үүнээс баяртай мэдээ юу байхав.Дууныхаа ая,хэмнэлд нийцүүлж шүлэгний мөрүүд нь өмнө хойноо орсон байналээ.Эх шүлэг нь бол ийм юм.


Зүгээр л намайг мартаж чадах уу
Зүрхээ гээгээд орчлонг туулах уу
Чилийсэн урт он жилүүд
Чи бидний өмнөөс зурайна


Чадахгүй ээ хайрт минь чадахгүй
Чамгүйгээр би амьдрахыг хүсэхгүй


Хагацая даа гэж хэлж зүрхлэх үү
Хайр дурлалгүй хорвоог төсөөлөх үү
Хагацлын сүүдэр дайрч гэмээнэ
Хар дарсан шөнүүд эхлэнэ


Үгүй дээ хайрт минь үгүй
Үнэндээ би шаналахыг хүсэхгүй
    • Үнсээд намайг үдэж чадах үү

      Үйлээ дагаад уйлж үлдэх үү

      Хайргүй нэгний өвөрт мэгших

      Хатуу тавилан чамайг тосно