Sunday, May 29, 2011

Амьд явахын учир


Нутаг ус,адуу малын тухай нэг нийтлэл бичсэн маань надад ойр улст их таалагджээ.Тэр дундаа муу ээж минь нэг их баярлаж.Элэг бүтэн,гэр дүүрэн бужигнаж явсан тэр сайхан цагийн гэгээн дурдатгал сэргэж хэн хүнгүй нулимс унагасан юм байх.Адуу мал,нутаг усны тухай мэт боловч угтаа эргэж хэзээ ч ирэхгүйгээр нисэн одсон тэр он цагийг нэг удаа ч болтугай эргүүлэн авчирч ээжийгээ баярлуулах чин хүсэл байсан болохоор би ч баяртай байгаа.Зүйргүй их ачийг нь хариулж баршгүй ч хүүгээрээ нэг удаа бахархаа даа ээж минь.
Будда Аллах Христ
Бууж ирээд тусалтлаа холоо
Наад муу хэдэн навсгарыгаа хайрла
Миний муусайн найз нарыг хайрла гэсэн Д.Цоодол ахын нэг шүлэг байдаг даа.Түүнийг би ээжийгээ хайрла,бүсгүй хүнийг хайрла гэж өөрчилмөөр санагддаг.Үнэндээ хэзээ ч нүүр тулаагүй бурхнаас илүүтэй дэргэд байдаг хайр энэрэл,аврал бол эх хүн юм.О.Дашбалбар агсны
Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном
Аз жаргалыг би бусдаac хайр хүлээхийн нэр гэж ойлгоном гэсэн  гэрэлт мөрүүд сэтгэлд сэрхийтэл буух нь юуны учирсан билээ.Хойд,урд нас гэж байдагийг хэн ч  гэрчлэхгүйн учир хүнд энэ л насны амьдрал үнэтэй.Энэ насны амьдралын учир,утга юусан билээ тэгвэл.Үр хүүхэд,эд хөрөнгө,алдар нэр,албан тушаал уу?.Үгүй ээ.Би хүнд хайр түгээн,хариуд нь хайр хүндлэл хүлээж явах нь хүн шиг хүн явахын учир утга гэж би ойлгодог.Эд мөнгийг биш эрхэм сайн сэтгэлийг чухалчилдаг байсан бол энэ ертөнц өөр байх байсан.Өмч хөрөнгө гэдэг эзэн хүндээ л үнэ цэнэтэй байдгаас бусдын хувьд бол юу ч биш.Тэгвэл аливаа өгөөмөр сайн үйл өөртөө төдийгүй өрөөл бусдад ч өгөөжтэй,хүртээмжтэй байдаг. Хүмүүсийн баяжих,баялагийг шүтэх дон хүний мөн чанар,мөс чанрыг боомилж хүн амьдралынхаа эзэн нь биш боол нь болж байгаад сэтгэл эмзэглэдэг.Мэдээж мөнгө шиг хүчтэй зүйл хорвоод үгүй ч түүнээс амттай,үнэтэй,хүчтэй зүйлс амьдралд олон.Амьддаа бие биеээ хайрлаж алга урвуулахын төдий энэ богинохон амьдралд хайраар дүүрэн амьдрах юмсан.Харуулын ир шиг амьдралд хүн мод шиг зорогдоод дуусахад хайр сэтгэл,гэгээн дурсамж,сайн үйлс,цагаан мөр л зул шиг гэрэлтээд үлдэнэ.Амьд явахын утга учрыг би ингэж ухаарнам.


Monday, May 23, 2011

Миний араншин

Би зөөлөн хийгээд хатуу.Би гал хийгээд ус.Хуйлран эрчлэх шуурга.Уянгалан хүнгэнэх хуур.Ерөөс туйлын үнэн гэж үгүй хоёр туйлт ертөнцийн төгс бус бүтээл.Өрөөлийг гэж өөрийгөө эмтлэх,хорвоогийн хатууд холторч элэгдэх билүү юм би.Хурын дуслыг дэндүү удаан хүлээсэндээ гоморхон хурмаст руу буцааж цацах омголон хөх чулуу юм.Гомдол хийгээд баяр голыг минь зурж урсана.Хорвоогийн хатуу үнэнийг хорондоо хааяа сөрж урсана.Хүчин мөхөсдөхийн урсгалд хөвж бас дагаж урснаа.Итгэл навчис мэт хийсч одоход сэтгэл модод шиг нүцгэрч үлдэнэ.Сэтгэлийн минь алтан утсан дээр шувууд чуулж шулганахад гэгээн совин амилан үзгээрээ тэдгээр шувуудыг гэрэлт мөрүүд болгон зурна.Цас бодол мэт будрах,бороо нулимс шиг урсах,нар итгэл лугаа гэрэлтэх,үзэхүйеэ өнгөт цэцэг шиг хайр зүрхэнд амилах цагийн улирал сэтгэлийн минь аяс юм.Өөрөөс минь өөр хэн ч гүйцэд нээхгүй тив,өөрөөс минь өөр хэн ч таахгүй оньсого.Эвийг нь олвол гараар гарах.Эвгүй оролдвол эвдсэн ч үл онгойх цоож.Энэ миний араншин.Сэтгэлийн минь ертөнцөө.     

Friday, May 13, 2011

Зүрхнээс аргамжаатай,зүүднээс уяатай адуу,нутаг хоёр минь (Холбоо нийтлэл)


Дэлтэй хийморь

Адуу гэдэг амьтныг яг хэзээ анх харснаа би санадаггүй.Хөлд орж тэнтэр тунтар алхахуй цагт зэлэн дээр цовхчих унага,шон дээр үүргэлэх морь ч юм уу эсвэл зэрэглээн дундаас тодрон тодрох морьтой хүний бараа,эдгээрийн аль нэгийг л анх харсан байж таарна.Харин хөл хөнгөнтэй номхон бор мориныхоо нуруун дээр анх гарч морьтон болсноо санахыг бодоход тав,зургаатай л байсан юмдаг уу.Бага насны минь дурсамжийг адуу гээч тэнгэрлиг амьтан туурайгаараа арилашгүй тамгалжээ.Хорин Үйзэнгийн толгод дунд хүүхэд нас минь хүлгийн зоон дээр дарцаглаж өнгөрч.Манайх хэзээнээсээ сайн азарга адуутай,зундаа дөрөв,таван унага тогтмол дүүжилдэг айл.Наадам дөнгөж өнгөрүүт л амьтны түрүүнд гүүгээ барих.

Sunday, April 24, 2011

Аав шувууны шүлэг

Номун,Мэргэн хоёртоо

Өндөг үрсээ дарж ангаахай гаргадаг
Өрөвгөр сөрөвгөр тэднийгээ өсгөж торниулдаг
Өд сөдийг нь гүйцээж далавчаа даахтай болгодог
Өндөр хөх тэнгэрт алган дээрээсээ нисгэдэг
Энгүй орчлонгийн гүнд элин хальж яваад
Эндэж гэнэдэх вий гэж сэтгэл чилээж суудаг
Өвгөн шувуу далавчиндаа түүртэхийн цагт
Өнөө хэдийгээ хүлээж холын тэнгэрийг  харуулддаг
Үрт амьтан шувууны зовлон
Үйлт хүмүүн ижий аав хоёрынх оо
Үүрээ шувуу шиг манаж сүүдрээс хүртэл нөмөрлөх
Үрээ гэх сэтгэл аав ээжийнх байдагаа
Ирээдүй хойчийн зовнил цас мэт дарахад л
Ижий аав хоёрыгоо ойлгож нэг өрөвддөгөө
Энхэл донхолтой aмьдралын бартааг
Ээж аав нь чадлаараа тэгшилнээ
Аяны замын уртад тээр болох
Алдааг минь л харин аавдаа үлдээгээрэй

Wednesday, April 13, 2011

Авилгачин ард түмэн авилгачдыг төрүүлдэг

Луйварчид,хувалзаараа дуудуулан мөн ч их хараалгах юм даа муусайн олигархууд минь.Ам нь мангас мэт агуу,гэдэс нь бирднийх шиг,ханаж цадахаа мэдэхгүй энэ гахайнууд ер нь хаанаас гараад ирсэн юм бэ ингэхэд.Дэлгэсэн тэрлэг шиг эх оронд минь тэд лав саран дээрээс буугаагүй.Газар эхээс цэцэг шиг ургаагүй.Олигархуудыг Монголын ард түмэн бид өөрсдөө төрүүлж,өсгөж бойжуулсан.Монголчууд бид хэзээнээсээ авилгач ард түмэн билээ

Monday, March 28, 2011

Александр Пүүжкин "Алтан загасны " Монгол үлгэр



Хөрст алтан дэлхийн
Хөх Монгол нутаг
Хөл ихтэй хотын
Хонгил нүхэн мухарт
Эдүгээ энэ цагт
Эмгэн өвгөн хоёр
Амь зуухчаа аядан
Аж төрөн суув
Хар усан ундтай
Харанхуй нүхэн нөмөртэй
Газрын траншэйнд хоргодож
Галын илчинд дулаацаж
Гучин жил ажилласны эцэст
Арван жил тэнүүчилэв гэнэ

Friday, March 25, 2011

Балиус ба сарнай


Бодол яриа хоёр бол хэзээнээсээ Бодоо,Чойбалсан хоёр шиг зөрчилдөөнтэй явсан этгээдүүд билээ.Тархинд хуримталсан мэдээллийг нэгдэл,нийгэмчлэлээс бултуулсан сарлаг аятай модон дотор аваачиж уячихаад 
-Нэгдэлдээ малаа нийгэмчлэлгүй яахав ээ гээд зогсож байгаа зальтай эмээтэй зүйрлэж бас болхийм.Бороо хувилан цас,цас хувьсан бороо болох байгалийн үзэгдэл байж болох талтай.Эсвэл ерөөсөө илбийн үзүүлбэр юмаа гэвэл үнэнд тун ойртоно.Ухаандаа циркийн илбэчин дээшээ харуулаад барьсан хар малгайн дотроо хийсэн балиусыг гаргаж ирэхдээ сарнай болгон хувиргаж байгаатай агаар нэгэн бөлгөө.Хүний бодолд балиус ч буй,сарнай ч буй.Харин балиус шиг,сарнай шиг бодлыг юу болгож гаргах нь цэвэр хувь хүний соовэст.Балиусыг балиусаар нь гаргахгүй байнга сарнай болгож гаргаж ирээд байдаг нөхдүүдийг долдой гэж нэрлэдэг.Ийм хүмүүс
-Манай даргын мяраа мөн сайхан зохижээ.Ямар эгдүүтэйн гэж долигнох боловч дотроо болуул гүзээ нь ямар ой гутмаар харагдаж байнаа.Ямар хоормогны хөхүүр биш дээ гээд бодцон тууж явдаг.Сарнайг балиус болгох тохиолдол бас байнаа.Үүнийг атаархал гэж давхар бас хэлээд байгаам.Цэцгээ ямар гоё гутал аваа вэ гэж дотор хүн нь уулга алдаж байхад л өнгө нь их сонин,өсгий нь жаахан намхан юмаа гээд дуугарцан байх жишээний.Балиус ба сарнайн онoлоо батлахын тулд дараах жишээ татая.
Халамцуу Галсан енгинэн уйлна.Тэгснээ бас нэг муу дуу аялмар аядсанаа жонгиносон дуугаар
-Миний ах шиг буянтай,нүнжигтэй хүн халх долоо,шавь тавд байна уу гэж агсарахчаа болно.Харин хуучин муу шовоодой доорх бөндгөр дотор нь бол
-Аа муу хувхай Итгэл чамайг даа.Авааль эхнэрийг нь минь хүртэл "шээрлэж",дарлаж байдаг өөдгүй муу дэвхрэг.Бяртайсан бол зодох,бэлтэйсэн бол салаад нүүх юмсан гэх адгуу бодол толгойд нь эргэлдэнэ.