Sunday, April 24, 2011

Аав шувууны шүлэг

Номун,Мэргэн хоёртоо

Өндөг үрсээ дарж ангаахай гаргадаг
Өрөвгөр сөрөвгөр тэднийгээ өсгөж торниулдаг
Өд сөдийг нь гүйцээж далавчаа даахтай болгодог
Өндөр хөх тэнгэрт алган дээрээсээ нисгэдэг
Энгүй орчлонгийн гүнд элин хальж яваад
Эндэж гэнэдэх вий гэж сэтгэл чилээж суудаг
Өвгөн шувуу далавчиндаа түүртэхийн цагт
Өнөө хэдийгээ хүлээж холын тэнгэрийг  харуулддаг
Үрт амьтан шувууны зовлон
Үйлт хүмүүн ижий аав хоёрынх оо
Үүрээ шувуу шиг манаж сүүдрээс хүртэл нөмөрлөх
Үрээ гэх сэтгэл аав ээжийнх байдагаа
Ирээдүй хойчийн зовнил цас мэт дарахад л
Ижий аав хоёрыгоо ойлгож нэг өрөвддөгөө
Энхэл донхолтой aмьдралын бартааг
Ээж аав нь чадлаараа тэгшилнээ
Аяны замын уртад тээр болох
Алдааг минь л харин аавдаа үлдээгээрэй

Wednesday, April 13, 2011

Авилгачин ард түмэн авилгачдыг төрүүлдэг

Луйварчид,хувалзаараа дуудуулан мөн ч их хараалгах юм даа муусайн олигархууд минь.Ам нь мангас мэт агуу,гэдэс нь бирднийх шиг,ханаж цадахаа мэдэхгүй энэ гахайнууд ер нь хаанаас гараад ирсэн юм бэ ингэхэд.Дэлгэсэн тэрлэг шиг эх оронд минь тэд лав саран дээрээс буугаагүй.Газар эхээс цэцэг шиг ургаагүй.Олигархуудыг Монголын ард түмэн бид өөрсдөө төрүүлж,өсгөж бойжуулсан.Монголчууд бид хэзээнээсээ авилгач ард түмэн билээ

Monday, March 28, 2011

Александр Пүүжкин "Алтан загасны " Монгол үлгэр



Хөрст алтан дэлхийн
Хөх Монгол нутаг
Хөл ихтэй хотын
Хонгил нүхэн мухарт
Эдүгээ энэ цагт
Эмгэн өвгөн хоёр
Амь зуухчаа аядан
Аж төрөн суув
Хар усан ундтай
Харанхуй нүхэн нөмөртэй
Газрын траншэйнд хоргодож
Галын илчинд дулаацаж
Гучин жил ажилласны эцэст
Арван жил тэнүүчилэв гэнэ

Friday, March 25, 2011

Балиус ба сарнай


Бодол яриа хоёр бол хэзээнээсээ Бодоо,Чойбалсан хоёр шиг зөрчилдөөнтэй явсан этгээдүүд билээ.Тархинд хуримталсан мэдээллийг нэгдэл,нийгэмчлэлээс бултуулсан сарлаг аятай модон дотор аваачиж уячихаад 
-Нэгдэлдээ малаа нийгэмчлэлгүй яахав ээ гээд зогсож байгаа зальтай эмээтэй зүйрлэж бас болхийм.Бороо хувилан цас,цас хувьсан бороо болох байгалийн үзэгдэл байж болох талтай.Эсвэл ерөөсөө илбийн үзүүлбэр юмаа гэвэл үнэнд тун ойртоно.Ухаандаа циркийн илбэчин дээшээ харуулаад барьсан хар малгайн дотроо хийсэн балиусыг гаргаж ирэхдээ сарнай болгон хувиргаж байгаатай агаар нэгэн бөлгөө.Хүний бодолд балиус ч буй,сарнай ч буй.Харин балиус шиг,сарнай шиг бодлыг юу болгож гаргах нь цэвэр хувь хүний соовэст.Балиусыг балиусаар нь гаргахгүй байнга сарнай болгож гаргаж ирээд байдаг нөхдүүдийг долдой гэж нэрлэдэг.Ийм хүмүүс
-Манай даргын мяраа мөн сайхан зохижээ.Ямар эгдүүтэйн гэж долигнох боловч дотроо болуул гүзээ нь ямар ой гутмаар харагдаж байнаа.Ямар хоормогны хөхүүр биш дээ гээд бодцон тууж явдаг.Сарнайг балиус болгох тохиолдол бас байнаа.Үүнийг атаархал гэж давхар бас хэлээд байгаам.Цэцгээ ямар гоё гутал аваа вэ гэж дотор хүн нь уулга алдаж байхад л өнгө нь их сонин,өсгий нь жаахан намхан юмаа гээд дуугарцан байх жишээний.Балиус ба сарнайн онoлоо батлахын тулд дараах жишээ татая.
Халамцуу Галсан енгинэн уйлна.Тэгснээ бас нэг муу дуу аялмар аядсанаа жонгиносон дуугаар
-Миний ах шиг буянтай,нүнжигтэй хүн халх долоо,шавь тавд байна уу гэж агсарахчаа болно.Харин хуучин муу шовоодой доорх бөндгөр дотор нь бол
-Аа муу хувхай Итгэл чамайг даа.Авааль эхнэрийг нь минь хүртэл "шээрлэж",дарлаж байдаг өөдгүй муу дэвхрэг.Бяртайсан бол зодох,бэлтэйсэн бол салаад нүүх юмсан гэх адгуу бодол толгойд нь эргэлдэнэ.

Thursday, March 24, 2011

Загас инээлгэх жил буюу загасанд зарласан дайны оршил

Хэрэг явдал ингэж эхэлсиймаа.Урсах ус,мөрөн байтугай шалбаагнаас том нуургүй,шанаган хорхойноос том загасгүй улаан говийн хүү намайг Мичиганы  нэг  том амт алгана загасчлах гэдэг самуунд уруу татцийн.Ноднин зун мөрөөрөө журмын хэдэн нөхөдтэй кээмпэнд явж байлаа.Шөнө нь миний муусайн найз нар архийг нэг дор,нэг амаар ууж дуусгах тэмцээн зохиогоод,маргааш нь ходоодныхоо хүчил,шүлтээр зүлэг бордоод надтай мар мар гэх завтай амьтан мазаалай шиг цөөхөн болцордогийн.Тэгээд ямар ёр хаанаас ирээд хатгасын бүү мэд нуурын хажууд ирснийх дэмий суухаас тэмээ хариулнаа гээд ойролцоох Волл Март руу харайж очоод хамгийн үнэтэйгээс нь шилж байгаад 12 цаасны хямдхаан уурга авдиймаа.Миний загас барьдаг ч гэж юу байлаа,надад баригддаг хоногийнх нь тоо гүйцсэн,үйлтэй загас гэж хэн байлаа даа.Нэг шидлээ замаг.Хоёр шидлээ.Нэг юм торох шиг боллоо,орцон уу хөө.Өө бас л замаг.Гурав шидлээ.Замаг гэдгийг нь мэдсээр байж надаар хэлүүлж яах гэсиймб та нар.

Thursday, March 17, 2011

Цаг хугацаа галт тэрэг мэт довтолгоход би дургүй
Цагаасаа эрт хүмүүн хорвоогоос буцахад дургүй
Шинэ он нэг насыг хуанлийн хуудас шиг тасдахад
Шилэн хундага өргөж ерөөл хэлэх дургүй
Ээж минь надаас алсарахад дургүй
Ирээдүй цагийн тухай бодох ч дургүй ээ
Үзэсгэлэн гоог цаг хугацаа бүдгэрүүлэхэд дургүй
Үсэнд хяруу унах,үрчлээ суухад дургүй
Үүрдийн бус тавиланд хичнээн их тунирхлаа ч
Үдийн нар шиг амьдралд үнэн голоосоо дуртай

Thursday, March 10, 2011

Утаанбаатарын "Хуучин хүү" (Фельетон)

Хотын байдал ундуй,сундуй.Цагийн улирал цас,зудтай.Үерийн далан,чимээгүй хот бараадсан хар гэрүүдээс хаймар түлсэн хар утаа олгойдно.Дөрвөн уулын дунд битүү униартай,утаа манан суунаглана.Өвлийн тасxийм жавар хучлага муутай гэрийг нэвт үлээж ядуу ардын сэтгэлийг өвтгөнө.Айлуудын хаяагаар булш,бунхан үргэлжилжээ.Хөлд орохоос эхлээд үс цайхыг хүртэл нэг хотыг тойрон хөөгдөж туугдан нүүдэлсээр паартай байранд амьдарч,паалантай жорлонд хүндэрч үзэлгүй энэхүү ертөнцийг эцэслэнэ.Ай юутай гунигтай.Ай юутай хөөрхийлөлтэй.Гавж Жамбал хойморт завилж засал ном гэж мунхруулах ба зайран Намжил гаднаас ирж бөөгийн онгодоо ав гэж шахахыг сонссоор өдөр хоногийг улируулна.Хогийн цэгээс өөр амьдралгүй гэж бодон хорин хоёрын товчооноос цааш газаргүй хэмээн сэтгэсээр түмэн хэргээс хоцорч дэлхийн боловсролоос лавтай 20 жилээр хоцорно.Гагцхүү сонгуулиас сонгуулийн хооронд амьдрал дээшилж,ажлын байр бий болгоно гэсэн амлалтанд хууртсаар нэг насыг барна.Хуучин хүүд ямар хул морь ч байх биш хоёр зээрдээрээ соёглонхон жороолсоор  хүрч ирэв.Цагтаа цагаан явсан хар уут үүрчээ.Хэрээстийн тусламжаас авсан бор хүрэм асааж ямар өнгөтэй,хэдэн настайг нь Балхаа байтугай хэн ч үл таах даавуу өмд углажээ.Тавхийтэл цастай гутлаа гүвээд тархийтэл ууттай лаазаа шидээд нусаа ханцуйдаа нэг шудраад гэрт оров.Балдангийнд хүмүүс архидаж байна,Цэндийнх хулгайд юмаа алдаж гэнэ,Дамба эрүүлжүүлэхэд хоносон,Гомбо авгайгаа зодсон гэх зэрэг хэдэн үгийг сонин болгон ярьж гутлын ул,дугуйны хаймар дүүрэн чихсэн зуухны бөөрөнд наалдах шахан сууна.Лааз,шил,хог түүж өглөөг өнгөрүүлээд,түүнийгээ тушааж үдийг барна.Дэндэв тэргүүтэнтэй нийлж олсноороо архидаж нэг үдшийг дуусгана.Хэдийгээр ухаан сэргэлэн боловч цааш нь хөгжүүлэх тавилан оногдсонгүй.Эpдмийн мөр хөөх эрх зүйн болоод эдийн засгийн боломж гарсангүй.Нас хэдийгээр залуу боловч үгээгүй ядуу,дээр нь татаасгүй тул дээшилж дэвжсэнгүй.Зөвхөн Утаанбаатар хотоо тойрон хэсүүчилсээр олигтой аж амьдралын замыг нэгэнт алджээ.Өвлийн хүйтнийг түлж болох бүхнийг шатааж байж арайхийн гэтэлгэх бөгөөд зуны халууныг Туулын бургасанд өнгөрүүлж, намар ичиж хавар гарагч тарваганаас зовлонтойгоор он жилийг нөхцүүлнэ.Юутай гомдолтой зэрлэг амьдрал.Юутай хайрлалтай залуу нас.Юунд сайхан амьдрах боломжийг төр засаг нь эс олгоном.Хайран хайран.Хөөрхий хөөрхий.