Friday, December 27, 2013

Бүдэг




Дурлах шиг дурласан
Урагдах шиг урагдсан
Хамгийн сүүлчийн удаа
Хайртай  гэж хашгиран
Дурлалын бөмбөг тэслээд
Дуу нь  тасарсан
Зүрхээ би дарж үзээд
Зүгээр эсэхийг нь шалгахад
Өнгөрсөн цагийн дурсамж адил
Өөдөөс минь бүгтхэн цохилов

Thursday, December 19, 2013

Блогтоо нэг салхи оруулъя.Нэг шүлгийг хоёр аргаар бичлээ.Сүүлчийнхэд нь хүмүүс ам сайтай байх шиг.

Үеийн хүүхнүүд эмгэн болохыг
Үзмээргүй байна
Үзэхгүй гээд
Үхмээргүй байна

Wednesday, July 24, 2013

"Дурлалын гудамжны тэнүүлч"




Зөрж өнгөрсөн бүхэн инээд цацруулж алхдаг
Зүрхэн хэлбэрт дэнлүүнүүд тодоос тод гэрэлтдэг
Мөрөө түшсэн хосууд унтаа хун шиг цайрдаг
Мөнгөн хонх шиг инээдэнд нь гуниг гэж байдаггүй ээ
Эрхэмсэг,төгөлдөрийн туйл хайрын гудамжнаа
Эзэгнэгч цаг хугацаа хүртэл малгай аван мэхийдэг

Tuesday, June 18, 2013

Шинэ ном маань дөнгөж зүүнээс гарлаа.Өвөрмөц,содон,гоё нэр өгч болох байсан ч олноос урмын үг их авчирсан,олонд хүрсэн хит болсон "Үүлэн домог" шүлгээрээ номоо нэрлэв би.Дуучин Д.Болдын дуулсан "Хагацаж чадах уу","Үүлэн домог","Мөнхийн аялгуу",Дуучин Ж.Бямбадэлгэрийн шинэ уран бүтээл "Ижийдээ очиж чадсангүй" зэрэг дууны шүлгүүд,шүлгүүд,нийтлэл,фельетон,эсээнүүдээсээ энэ номондоо шигшиж орууллаа.Номыг минь ариутган шүүсэн Нацагдоржийн болон Буяннэмэхийн нэрэмжит шагналт зохиолч До.Цэнджав ахдаа гялайлаа.Интер ном,Мир зэрэг номын дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой юм байна.Таалал оршиг

Saturday, April 20, 2013

"Ноён Вүүдсоны амьдрал хэмээх 94 бүлэгт жүжиг" (Найраглал)



"Ерэн дөрөвдүгээр бүлэг" зургадугаар үзэгдэл

Эмнэлэгийн зориулалттай
Эвхэгддэг төмөр ор
Аймшгийн баярын чимэглэл
Араг яс мэт туранхай бие
Саваагүйтэж хүүхдүүд бариад чихэр тосдог
Сарвуу мэт хатингар гар
Ерэн дөрвөн жилийн биологийн урвалд
Идэгдэж,сорогдсон бие цогцос
Өвчтөнийг тойрсон
Өөд болооч хамаатнуудын сүнс
Үүдний жижүүр шиг залхуутайяа 
Үүрэглэн хүлээж суугаа эрлэгийн элч

Wednesday, March 27, 2013

Хүнийх


Хүний юм хэзээд хүнийх байдаг
Хүйтэн үнэнд зүрхээ хайруулаад
Хүний юманд хэзээ ч ахиж
Хүрэхгүй гэж өөртөө андгайлав



Tuesday, March 5, 2013

‎"Задгай"



Ц.Чимэддорж агсанд

Дэрэнгийн хар азарганы
Дэл сүүл нь задгай
Хавийн амьтад шуугиулсан
Хатир давхил нь ч задгай
Сулдаа асгараад ирдэг
Сувдан хөлс нь задгай
Суунаг татаад үлддэг
Суварган тоос нь ч задгай

Том ах (Эсээ)




Манайхан бүгдээрээ л том ах том ах гэлцэх.Нээрээ л нэрэндээ таарсан том ах сан.Том биетэй болохоор нь тэгж нэрлэсэн байж мэднэ.Арван хүүхэдтэй айлын ууган нь болохоор тэгсэн ч  юм уу.Юутай ч л бие хаа,эрэмбэ зиндаа,ажил үйлс аль ч талаас нь харсан том явсан эр.Цэрэг шинелиэ цэмцийтэл өмссөн цэх шулуухан төрх нь түүнийг уулын ургаа нарийн хар мод лугаа харагдуулна.Зангаар ч ширүүн,зангарагаар ч бас том.Мань мэтийн нусан чавхнууд бол Жаажийг Том ахад чинь хэлнэ шүү гэж далайлгахад  л жижиг авна.Жааж гэдэг нь миний ч мань эрийн ч эмэг хөгшин.Хэн хэн маань гар дээр нь өссөн ч мань хөгшин том ахад төрсөн гурваасаа ч илүү амь тавина.Юм л бол Лхамжав минь тэгээд Лхамжав минь ингээд гэж  сайрхаж суух.Улсдаа ганцхан цэргийн госпиталын гэмтлийн тасгийн эрхлэгч,амьтан хүн хөл алдаж гүйсэн алтан гартай эмч,цэргийн хурандаа хүүгээрээ гайхуулахгүй юм бол юугаараа ч гайхуулах билээ дээ мань хөгшин.

Он цаг



Он цаг яг
Орох цас шиг алгуурхан
Он цаг яг
Одох шувууд шиг алсланхан

Thursday, February 28, 2013

Загас наадуулахыг засгаар хориулъя (Фелетьон)



Энхрий хайрт  нам засгийн минь буянаар сүүлийн үед зарим зүйлсийн үнэ хүнд даруй өсч байгаад иргэн миний бие ихэд баяртай байна.Хорьж цагдах тусам сонирхол асч амттай болдог, хаагдаж боогдохын хэрээр үнэ цэнэ эсрэгээрээ нээгддэг нь хорвоо ертөнцийн жам.Давтамж цөөрөх тусам тааламж,үнэлэмж хоёр ихэсч байдгийг ч бидний туулсан нийгэм бэлхнээ гэрчилнэ.Мандарин,алим,бохь,жинсэн өмд,магнитфон,том хүний сэтгүүл гэх мэтийн зүйлс ямаршуухан нэр нүүртэй байлаа даа тэр үед.

Tuesday, February 26, 2013

Говийн чулуу



Эрдэнэ шингэсэн хөх чулуу 
Эрин дамжсан бөх чулуу
Далайн замагт ёроолд
Дунтай хамт дэвтэж
Гаслам зунгаг наранд 
Гантай цуг хагсарч

Saturday, February 2, 2013

Сэтгэлийг минь





Юу ч боддоггүй
Мөнгөнөөс өөр
Юунд ч зовдоггүй
Өөрөөсөө өөр
Юу ч сонирхдоггүй 
Мөнгөнөөс өөр
Юунд ч шаналдаггүй
Өөрөөсөө өөр
Амьтан шиг
Араатан шиг
Хүн дүрстнүүдийн хөлд
Хөөрхий сэтгэл минь
Хүрэл зүрхтнүүд 
Хөөрхий сэтгэлийг минь


Monday, January 14, 2013

Ардаг хүлэг байв чиг

Ардаг хүлэг байв чиг
Амгайны аясыг дагана
Амраг сэтгэл байв чиг
Амьдралын эрхийг дагана
Хангал хүлэг байв чиг
Хазаарын аясыг дагана
Хайрын сэтгэл их чиг
Хагацлын эрхийг дагана
Ороо морин байв чиг
Оосорын аяыг дагана
Оёоргүй хүсэл байв чиг
Оногдсон тавилангаа дагана

Thursday, December 6, 2012

Б.Галсансүхийн "Сэтгэл хэмээх эрхтэн"д үзлэг хийсэн эмчийн онош


Зүрхний чинь бичлэг 
Зүйрлэвээс согтуу буриад 
Үнээдэй нютагт алхах мэт далиу
Зүгээрийнх биз

Сэтгэлгээний шугам чинь
Сэлэнгийн урсгал
Газар сараачих мэт муруй
Сэрэл мэдрэхүйнх биз
Тархи чинь заримдаа
Тараг шиг сагаж
Зүрх чинь хааяа
Зүү тавиулсан шиг хатгуулж
Мэдрэл чинь хаа нэг
Мэлхий шиг ваагалж

Thursday, November 29, 2012

"Үүлэн домог" Mиний омог



"Үүлэн домог" дууны маань клип гарчээ.Уран бүтээл хүнд хүрэхэд  урам зориг,онгод хөглөгдөж улам хийж бүтээх эрч хүч амтагдах бөлгөө.Монгол түмний уламжлалт урлагийг орчин үеийн поп урсгалтай нийцүүлэн таацуулж энэ бол "Монгол поп" хэмээн хүлээн зөвшөөрөгдөх урсгалыг бий болгохоор зорьж,түүндээ хүрч  яваа Д.Болддоо талархал илэрхийлье."Монгол поп" 1,2 цомгуудын хит болох "Хагацаж чадах уу","Үүлэн домог" дууны шүлгийг тэрлэсэндээ омогшиж байна."Үүлэн домог" уран бүтээлийн минь омог.

Monday, November 19, 2012

Орой намрын "уянгат" шувууд



Салхит хотын тэнгэрт бороо зүсрэс гээд уйтайхан.Шувууд хэдүйнэ буцчихсан намар орой цаг сан.Гэхнээ намар болгон шувууд буцдаг биш юмсанж.Шувууд ирдэг намар гэж бас байх аж."Уран үгсийн чуулган"д чуулахаар эх нутаг  Монголоос,эрх чөлөөний суугуул нутгийн өнцөг булан бүрээс эгшиглэнт олон шувуу нисэн ирж салхит хотын их нуурнаа хэд хоног ганганалданхан жаргавай.Ардын уран зохиолч,Соёлын гавъяат зүтгэлтэн П.Бадарч,МЗЭ-ийн гүйцэтгэх захирал,яруу найрагч Г.Мөнхцэцэг,гавъяатгүй ирээд гавъяатаа гэж дуудуулж буцсан яруу найрагч Дан.Нямаа,модернист гэвэл Монголын нохой ч үл андах яруу найрагч Б.Галсансүх нарын зэрэг алдар цол,ачаа номондоо дарагдсан,далавчнаас нь дөрвөн уулын утаа үнэртэх,ярихад нь яруу найраг амилах хэдэн шувуу эх орноос минь зорин ирж "Уран үгсийн чуулган"ыг чимсэн билээ

Sunday, October 28, 2012


Өвөрлөгчийн тавилан

Өвөрлөгч түмэн минь
Өөрөө хүсээгүй тавилан минь
Хүсэвч буцааж өгөхгүй
Хүнийх болсон Монгол  минь
Хаяа хатавчаар нутагтаа хаягдаж
Халх Монголынхоо өмнөөс золиослогдож
Хиагтын гэрээ нэртэй их гүрнүүдийн наймаагаар
Хятадын аманд шидсэн Хөх махны тасархай минь

Sunday, April 1, 2012

Мэдээжийн юмыг мэдээгүй толгой буюу "Элгэн хутга" ФМ 96.9




Aндрoид утсан дээрээ татаж суулгасан "Элгэн нутаг" FM радиогоо асаалаа.Эх оронд маань нэгэн гэгээн өглөө эхэлж байгаа бололтой.Хөтлөгч бүсгүй ялдамхан хоолойгоор
-За энэ бол мэдээж "Элгэн нутаг" ФМ 96.9
Мэдээж нь ч юу чив дээ.Муухан мушийв.
-Мэдээж яг энэ цаг мөчид эх оронд маань 8 цаг 13 минут айлчлан ирээд байнаа.Өнөөдөр бол мэдээж Дөрвөн сарын нэгэн инээдмийн баярын өдөр.
Бухимдалын утаа уугиж эхлэв.8 цаг 13 минут айлчлан ирээд байх даа ч яахав.Ямар нэгэн улирал,аль нэг улсын ерөнхийлөгч,усны шувуу,холын зочин,өвлийн өвгөн биш дээ.Хоёр мэдээж нь эгдүү хүргэсэн ч маргааш дөрвөн сарын нэгэн гэдгийг (Манай энд цагийн зөрөөтэй) сануулсан болохоор нэг мэдээжийг нь нэг удаа өршөөн хэлтрүүлэв.

Wednesday, December 21, 2011

Хайрхан уул



Алтан нутгийн минь авъяаслаг залуу хөгжмийн зохиолч СТА Б.Эрдэнэбаяр хүүхэд ахуй цагтаа бичсэн "Хайрхан уул" шүлгэнд минь аялгуу оруулж дуу болгон амьдруулжээ.Энэхүү дууг Дундговь аймгийн Төв Халхын Дуулалт Театрын гоцлол дуучин CTA Төмөр дуулж олны хүртээл болгосон аж.Монгол хүн бүрт сэтгэлдээ сүслэн дээдэлж залбирч явдаг "Хайрхан" байдаг.Moнгол орныхоо сүрлэг уулс,тахилга сүлдэт овоо,хайрханы зургуудаар чимэглэж дуугаа youtube дээр орууллаа.Таалал орших болтугай.


Monday, December 12, 2011

Хэрвээ би гахай байсан бол




Заримдаа надад нээх утгагүй тэнэг тэнэг бодол төрдийн.Өнөөдөр л гэхэд юм юманд сэтгэл чилүүрдсэн хүн төрөлтөн байснаас гахай байсан нь дээр санагдаад.Тэгээд ургуулаад бодлоо.Би ер нь ямаршуухан гахай байх нь вэ,миний гахайны амьдрал ямар байх болоо гэж.Мэдээж би эрэгчин гахай байж таарна.